Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг Соёлын дэд сайд, Урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр, Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний урлагийн их театрын дарга МУУГЗ Г.Цоггэрэл, НЗДТГ-ын нийгмийн бодлогын хэтсийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү нар хүргэлээ.
Энэ үеэр Соёлын дэд сайд, Урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр: "Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө 2020 оны 8 сард батлагдсан. Түүнчлэн бүтэн жил нийт 23 байгууллага хамтран оролцох, 45 арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 11 сарын 15-ны өдөр УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэн батлахад 10 тэрбум гэсэн төсвийн төсөөллийг баталсан.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнээс хэмнэгдэх зардлыг эрүүл мэндийн арга хэмжээ рүү шилжүүлье гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан. Энэ асуудал төсвийн тодотголоор шийдэгдэнэ.
Үндэсний их баяр наадмын арга хэмжээ болох хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны арга хэмжээг 7 сарын 11, 12-нд болдог өдрөө радио, телевиз, цахим хэлбэрээр нэг цаг үед шууд дамжуулан үзүүлнэ гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ хүрээнд зохион байгуулалтын ажилдаа орсон.
Цахим хэлбэрээр зохион байгуулагдах наадмын найруулагчийн баг 2021 оны 6 сарын 14-ний өдөр наадам зохион байгуулах хорооны шийдвэрээр томилогдсон. Энэ багт Ерөнхий найруулагчаар СГЗ найруулагч Н.Наранбаатар, Ерөнхий продюсероор УГЗ Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар гэсэн хүмүүс томилогдсон нь хэвээрээ байгаа" гэлээ.