Цаг үеийн мэдээ

 Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллав.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 8 удаа хуралдаж, давхардсан тоогоор 56 асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэв.

Тайлант хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хуулийн төсөл болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 4 ажлын хэсэг байгуулж ажиллууллаа. Ажлын хэсгүүд 15, ажлын дэд хэсэг 16 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 3-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Мөн Байнгын хорооны тогтоолын төсөл 4-ийг хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.

Хэлэлцүүлж батлуулсан хууль тогтоомжийн талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 43, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт 4, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 2, зарчмын зөрүүтэй 129 саналын томьёоллыг бэлтгэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.

Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль 16, Улсын Их Хурлын тогтоол 5-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна. Тухайлбал, Кино урлагийг дэмжих тухай бие даасан хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудад нэмэлт оруулах тухай төслүүд болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан  боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав. Ингэснээр төрөөс кино урлагийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн шинэ зохицуулалтыг бүрдүүллээ.

Мөн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн болон Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь батлуулж, соёлын салбарын эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгов.

Түүнчлэн боловсролын салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд чиглэсэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд одоо хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.

            Ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлэв.      

Харьяа байгууллагын тайлан, мэдээллийн талаар:

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг 4 удаа хуралдаанаараа сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Үүнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын энэ цаг үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл; Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаарх Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл; Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явц болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаарх Спортын төв хорооны даргын мэдээлэл; соёлын салбарын эрх зүйн орчин, ажилчдын ажиллах нөхцөл байдал, 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, цаашид соёлын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар, цар тахлын үед хүүхэд, залуучуудад соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Соёлын сайдын мэдээллийг тус тус сонсож танилцав.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хорооны тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна.

Ажлын хэсэг Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалт “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд  шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан 6 удаа хуралдаж, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа болно.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Улсын Их Хурлын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, нийслэлийн зарим ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж,  Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ.

Бусад ажлын талаар:

"Хүмүүнлэг боловсрол" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, хуулийн төслийг санаачлагчид, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтарч нийслэлийн дүүргүүдийн болон орон нутгийн сургуулийн багш, захирлууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулан 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.

Тус нээлттэй хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороодын дарга нар, Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар танхимаар болон цахим хэлбэрээр оролцож санал бодлоо хуваалцан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Таны сурталчилгаа