Цаг үеийн мэдээ

Чилийн таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ. Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпын наадмыг өнжих анхны тамирчин нь Агирре болж байна. Түүний дасгалжуулагч Хосе Запатагийн хариу сөрөг гарсан ч ойрын хавьтал гэдэг утгаараа тусгаарлалтад орсон байна. 

Агирре Узбикистанаар дамжин Токиод ирсэн бөгөөд өмнөх шинжилгээ нь сөрөг байсан ч замдаа халдвар авсан бололтой. “Манай тамирчнаас ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь ч сайн байгаа. Гэвч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдаж, олимпын наадамд оролцож чадахааргүй болсон нь харамсалтай” хэмээн Чилийн ҮОХ-ны төлөөлөгч ярьжээ. 

Долдугаар сарын 21-нд олимпын наадмын оролцогчдоос Ковид илэрсэн найм дахь тохиолдол нь энэ болж байна. Ингэснээр нийт тохиолдлын тоо 75 болж нэмэгджээ.

Таны сурталчилгаа