Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд, Газрын шинэтгэлийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үер Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас Газрын цахим шилжилт болон Газрын нэгдмэл сангийн удирдлагын системийн үйл ажиллагааг танилцуулсан юм.

Тус газар нь Газрын цахим шилжилтийг Хиймэл оюун ухаан (I), Блокчейн технологи (II), Зайнаас тандан судлалын технологи (III) гэсэн үндсэн гурван чиглэлийн хүрээнд нийт найман ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тухайлбал, газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус цахим системийг хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар төлбөрийн хэмжээг үнэн бодитой ногдуулж, хураах боломж бүрдэх болно.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг эрхлэх ажлын хүрээнд хийгдэж буй тулгамдсан асуудлуудын талаар Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

Үүнд, “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IV), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (V) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим систем юм.

Уг нэгдсэн цахим систем нь:

- Төлөвлөлтийн;

- Газрын биржийн;

- Үнэлгээ, татвар, төлбөрийн;

- Кадастрын;

- Хаягийн;

- Мониторингийн;

- Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 7 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Суурь судалгааны  (II) гэсэн хоёр мэдээллийн сангаас бүрдэх ба дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж байгууллагуудад түгээх зорилгоор орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, ашиглах иргэд төвтэй Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц /Геопортал/-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж бүрэн нээгдсэн тухайг танилцуулж байна.