Цаг үеийн мэдээ

Энэ сарын 23, 24-нд ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Харинхорин суманд ажиллаж тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа.

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн оролцсон. Тариаланчид улаанбуудайг биржээр арилжихыг дэмжсэн хандлагатай байсан бөгөөд

Брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх

Буудайны стандартыг дахин тодорхойлох

Буудайны цавуулгийг тодорхойлох сайн лаборатори, багажтай байх

Урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг хэллээ.

Энэ жил Төвшрүүлэх суманд 27 аж ахуйн нэгж, иргэн 5819 га талбайд тариалалт хийжээ.  Үүнээс 5294 га-д улаан буудай, 420 га-д ногоон тэжээл, 65 га-д овьёос, 40 га-д арвай тариалсан байна. 7-р  сарын 11-нд 500 орчим га талбай мөндөрт цохиулж хорогдол үүсгэсэн гэсэн мэдээллийг тэд өгсөн юм.

Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байгаа бөгөөд 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь тэдэнд амар байх тул оролцохоо илэрхийлсэн.

Энэ онд Хархорин суманд 49 аж ахуйн нэгж, иргэд 8,300 га-д улаанбуудай, 3230 га-д ногоон тэжээл, 102 га-д овьёос, 12 га-д арвай, 1 га-д эрдэнэшиш, 100 га-д хүнсний ногоо, 130 га-д төмс тариалсан байна.