Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн барьсан. УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл болон өмнөх 19 дэх илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус тус хэлэлцэж тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Энэ дагуу 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолыг УИХ-аас баталлаа.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл" нь “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал", “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн дөрвөн бүлгээс бүрдэж, 14 дэд бүлэг, 23 санал, зөвлөмжийг агуулсан байдаг. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл" нь дэлхий нийтэд нүүрлэсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулагдсан бөгөөд 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүнд үндэслэн 40 саналыг УИХ-д хүргэсэн.

Монгол Улсын Их хурлаас баталсан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолын төслийн дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.

Хүний эрхийн Үндэсний комисс