Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар шинэчлэн байгуулагдаж, анхдугаар хурлаа өнөөдөр зохион байгууллаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо байгуулах тухай 2017 оны А/51, А/69 дүгээр хамтарсан тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай тус хороог ахлан ажиллаж байна. 

Тус зөвлөл нь тухайн нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, эсвэл сэжиглэгдэн мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эсвэл гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй хүүхдүүдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэн ажиллах зорилготой юм. 

Өнөөдрийн хурлаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуулын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хагас жилийн тайлан, хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хүргэж хүүхэд хамгаалалд салбар дундын уялдаа холбоогоо хангаж ажиллах чиглэлээр санал солилцсон бөгөөд 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.