Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгын хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх замаар нийслэл хотод ойрын хугацаанд нүүрлэж болзошгүй усны нийлүүлэлтийн хомсдлын сөрөг нөлөөллийг бууруулах, хувийн хэвшлийн түчээлсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөл хэрэгжиж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын баруун доод хэсэгт Туул голын дагуу орших Биокомбинат, Шувуун фабрик орчмын хоёр байрлалд газрын доорх усны тус бүр 16 гүний худаг байгуулах, мөн шахуурга, эх үүсвэр дотор ус цуглуулах шугам хоолой, тохируулгын усан сан болон усыг эх үүсвэрийн талбайгаас дамжуулах шугам хоолой суурилуулах замаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн шинээр байгуулсан эх үүсвэрийн талбайгаас цуглуулсан усыг чанарын өндөр түвшинд хүртэл гүн цэвэршүүлж, унд-ахуйн зориулалтаар нийслэл хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх дэвшилтэт технологийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах юм. Үүний үр дүнд жилд 50 сая куб метр газрын доорх усыг шинэ эх үүсвэрээс нийлүүлэх бөгөөд энэ нь нийслэл хотын ус хангамжийн өнөөгийн хэмжээг ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлэх юм. 

Уг компакт гэрээний дагуу Монголын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр манай алба ажиллаж байна. 

Үүний дагуу 2021 оны 06-р сарын 04-нд  эхлэлийн тайлангаа хүлээлгэн өгч, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хүлээн авч, газар чөлөөлөлтийн ажлыг гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэтгэхийн тулд 2021 оны 06-р сарын 07-ны өдөр эхлүүлсэн. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд нийт Хан-Уул дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт 149 нэгж талбар өртсөн. 

Төсөл хэрэгжүүлэх талбар нь Туул тосгон, Био комбинат орчмын хотын төвөөс зайтай, алслагдсан, ихэнх иргэд нь өрхийн аж ахуй, төмс, хүнсний ногооны ажил эрхэлдэг цаашлаад ковидын эрсдлийн үе тул газар чөлөөлөх уулзалтыг Хангарди ордонд ирж хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн.  Иймээс зөөврийн оффис тоноглол бүхий автобусаар явж төрийн үйлчилгээ иргэдэд үзүүлэн, хүндрэл чирэгдэлгүй газар чөлөөлөлтийг хийж гүйцэтгэж байна.