Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ Улаанбаатар хотын харьяат 7 хүн “Туул” голын эрэг дээр амарч байснаас 1 хүн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 7 сарын 31-ний өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах газар хүлээн авч  Орхон аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, тус аймаг дахь Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн хамтран иргэн Б /39 настай, эрэгтэй/-ыг 8 сарын 5-ны өдрийн байдлаар 4 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

1 дүгээр бүлэг: Тус сумын Доргонот багийн “Их-Агт” гэдэг газраас хойд зүгт “Бухын голын бэлчир” гэдэг газар хүртэл 21 км-т завиар, 3 метрийн гүнд 2 удаа  шумбалт хийж,

2 дугаар бүлэг: “Бухын голын бэлчир” гэдэг газраас Бүрэгхангай сумын Дэрст багийн “Тул харайдаг гэдэг газар хүртэл 54 км-т завиар урсаж,

3 дугаар бүлэг: Их-Агт гэдэг газраас зүүн хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл 10 км-т голын хойд эргээр явганаар,

4 дүгээр бүлэг: Их-Агт гэдэг газраас хойд зүгт Уурхай гэдэг газар хүртэл голын урд эргээр 10 км-т явганаар болон мориор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Иргэн Б-ийн цогцсыг /осолдсон газраас хойд зүгт 75 км-т/ Бүрэгхангай сумын Дэрст багийн Тул харайдаг гэдэг газраас 8 сарын 5-ны өдрийн 15:24 цагт “Туул” голын бургасанд тээглэсэн байсныг олж, тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ