Цаг үеийн мэдээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт “Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой"-д зориулсан хурдан морины уралдаан өнөөдөр боллоо.

Сонгомол дээд насны морины уралдаан өнөөдөр 08.30 цагт эхэлсэн бөгөөд хурдан морины уралдаанд 75 морь гарааны зурхайнаас гарч 09:45 цагт барианд оржээ. Тэргүүн магнайд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн луу халтар орж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Аймгийн алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн аман хүзүүдэв.

Гуравдугаарт, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр, дөрөвдүгээрт, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн, айргийн тавдугаарт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн сартай хээр морь тус тус орлоо. Үүний дараа сонгомол дунд насны морьд барианы зурхай руу хөдөлжээ.