Цаг үеийн мэдээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн ээлжит бус 5 дугаар хуралдаан өнөөдөр /2021.09.17/ 09 цагт 84,8 хувийн ирцтэйгээр эхэллээ. .

Улс орны хэмжээнд үүсээд байгаа “Коронавируст (Ковид-19) цар тахлын халдвар манай нэмэгдэж, хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн ээлжит бус хуралдааныг аймгийн ЗДТГ-ын Хурлын Их танхим болон цахимаар зохион байгууллаа.

Хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн баталсан юм.

Дэгийн дагуу Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Б.Жавхлан, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Г.Эрдэнэбат, Т.Тулгаа, С.Ганзориг нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллалаа.

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдаж, манай аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого 1,394.8 сая төгрөгөөр, орон нутгийн төсвийн зарлага 3,466.3 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 246.1 сая төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлэг 100.0 сая төгрөгөөр тус тус нэмэгдэж ирсэн.

Иймд Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх “Дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэсэн заалтыг үндэслэн аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн юм.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 5 дугаар хуралдаанаар 2021оны аймгийн төсвийн орлогыг 28,130.0 сая төгрөг, 2020 оны шилжих үлдэгдлийг 4,500.7 сая төгрөг, зарлагыг 22,624.1 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1,646.5 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 3,859.4 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 5,278.4 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийг 39,789.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.

 

Таны сурталчилгаа