Цаг үеийн мэдээ

ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан Намрын ногоон өдрүүд арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ. 

Цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийтийн хувьд ч тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед том дэмжлэг болсон гэдэг нь зээлийн гүйцэтгэлээс харагдаж байгаа.

"Намрын ногоон өдрүүд"-ийг хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, IFAD, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод талархал илэрхийлье.

Монгол Улсынхаа хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах хүндтэй, хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж яваа салбарын нийт хамт олон, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, биднийг үргэлж дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Элчин сайдын яамд, гадаадын төсөл хөтөлбөрийн хамт олны хамтын хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү иргэд олон нийт та бүхэнд хүрч байна.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” нэгдсэн арга хэмжээ 23-ныг дуустал үргэлжлэх тул та бүгдийг өргөнөөр оролцож, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна" гэв.