Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто машины засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хуулийн дор тэгш, нийтийн эрх ашигт нийцүүлж ажиллах ёстой. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Баярмөнх Вьетнам авто засварын газруудын үйл ажиллагаатай газар дээр нь ажиллах үеэр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, болон ЗДТГ-ын Хүнс худалдааны үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж байна. 

Шалгалтын үеэр дүүргийн Татварын хэлтсээс мэдээлэхдээ “Авто засварын үйлчилгээ эрхлэгч газрууд иргэдэд и-баримт олгодоггүй. Өөрөөр хэлбэл шалгалтын үеэр пос машин, хэвлэх төхөөрөмж байгаагүй. Коронавируст халдварын үед QR кодоор баримт олгох шаардлагатай ч байршуулаагүй нь нийтлэг зөрчил болж байна. 

Хувийн хэвшлийн аливаа байгууллагууд Татварын ерөнхий хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах ёстой. Үүнтэй холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэд болон ААН-үүдийн бүртгэлжүүлэн эхэлж байна” гэсэн юм.

Түүнчлэн байгаль орчны багц хууль, холбогдох чиглэлийн хуулийн хэрэгжилт, гэмт хэрэг, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, IP 67 стандартын дагуу камержуулах, гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шалгалтын ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг 32 иргэн, ААН байгууллагад хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн бөгөөд цаашид зөрчил гаргаагүй болон зөрчлийг арилган ажиллаж буй иргэн, ААН байгууллагуудыг дүүргийн зүгээс дэмжин гэрээ байгуулж, батламж олгон ажиллах юм.

Таны сурталчилгаа