Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газарт 2021.08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 2021.09.02-ны өдрийн 20:25 цагт Аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Эрэн хайх ажиллагааг 2021.09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдрийг хүртэл тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон байсан.

2021.10.12-ны өдөр ар гэрийнхэнээс нь дахин хүсэлт өгсний дагуу иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Харин 2021.10.13-ны өдрийн байдлаар тус сумын Халиун багийн Уушгийн гарам гэдэг газраас Элст нуга гэдэг газар хүртэл 8 км-т завиар болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоож, 2021.10.14-ний өдрийн 07:00 цагт эхлүүлсэн байна.