УИХ дахь Ардчилсан намын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намын гишүүнчлэлээс хассан тухай УИХ-дахь Адчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.
Тэрээр: "Надад өнөөдөр Ардчилсан намаас албан бичиг ирсэн. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 4 сарын 24-ний 06 тоот тогтоолоор Ардчилсан намын гишүүн Цэвээндорж овогтой Туваан нь Үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 заалтаар хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул ёсзүйн хариуцлага тооцож Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл дахин гаргахгүй байх сануулсан арга хэмжээ авсан. Гэвч Ц.Туваан нь Үндсэн дүрмийг удаа дараа зөрчин намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 26 тоот тогтоолоор Ардчилсан намын дүрмийн 3.9.1.8, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, 3.9.1.15, 3.9.1.16, 3.6.9, 3.9.1.2 дугаар заалтуудыг зөрчснийг тогтоон үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ц.Тувааныг намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасч сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 зүйлийн 31.2 дахь хэсэгт "Бүлэгт тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэвшсэн сонгогдсон гишүүд орно" гэж зохицуулсан байдаг. Иймд бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд Ардчилсан намын бүлгийн хуралдаан болон шийдвэр гаргах үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй.
Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын бүлгийн даргын хувьд, Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би хуулийг дагаж мөрдөнө. Намынхаа дүрмийг дагаж мөрдөнө. Бие даан нэр дэвшиж орж ирсэн Н.Алтанхуяг гишүүн, С.Ганбаатар гишүүн Ардчилсан намын бүлгийн хуралдаан болон шийдвэрт оролцох боломжгүй болж байгаа. Ц.Туваан гишүүн Ардчилсан намын бүлэгт байх боломжгүй болж байна. Ардчилсан намын гишүүн биш учраас. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон байна" гэлээ.