Цаг үеийн мэдээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийн 200 гаруй цэргийн алба хаагчийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар угтан авлаа.

Түүнчлэн өнөө орой БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн эх орноосоо мордох бөгөөд тэднийг цэргийн багийн захирагч, хурандаа О.Заяат ахлан явах ажээ.

Мөн цэргийн багуудын ээлж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг томилогдсон байна.

Ташрамд дурдахад, бригадын генерал С.Дашзэвэг нь 2012 онд БНӨСУ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийн орлогчоор үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба мөн 2015 онд тус улсад цэргийн багийн ээлж хүлээлцүүлэх ажиллагааг зохион байгуулж байсан ажээ.