Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр МУГЖ С.Жавхлантай холбоотой мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өглөө. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан нь Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөгийг нэхэмжилсэн эсэхийг өөрөөс нь тодруулах гэсэн боловч огт ирэхгүй байна. Цагдаагийн байгууллагаас утсан харилцаагаар 11 удаа дуудсан, мөрдөгчийн дуудах хуудас, прокурорын дуудах хуудас явуулахад хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Дараагийн арга хэмжээ бол мэдээж шүүхийн арга хэмжээ байдаг, албадан авчрах. 

УИХ-ын гишүүн асан, хууль тогтоолцож явсан хүнийх нь хувьд өөрөө ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өөрийнх нь хэлснээр хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой” гэв.