Цаг үеийн мэдээ

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, түүх соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар тогтоолоор Хэрлэн, Онон, Халхгол, Улз, Галын голыг аймгийн тахилгатай гол болгон гол мөрнийг 5 жилд нэг удаа тахиж аргадах тухай шийдвэр гарсан.

Аймгийн тахилгатай Онон голыг 2018, Хэрлэн голыг 2019, Халхын голыг 2020 онд тахиж байсан бол  намрын адаг нохой сарын шинийн арван зургааны  билигт сайн өдөр Улз голын  тахилгыг  аймгийн бурхан шашинтны төв Данригданжаалин хийд, Угтамын хийдийн лам хуврагуудтай хамтран зохион байгууллаа. Тахилгын арга хэмжээнд  Дорнод аймгийн Баян - Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Цагаан - Овоо,  Хэнтий аймгийн Норовлин сумын удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тахилгад оролцсон сумдын удирдлага нутгийн ахмадууд  Улз гол маань зарим газраараа тасрах хэмжээнд хүрч байсан сүүлийн 2 жилд усны түвшин нэмэгдэж  байгаад нийтээрээ баяртай байгаа. Улз голыг аймгийн тахилгатай болгох шийдвэр гаргаж тахилга арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цагаа олсон түүхэн чухал ажил боллоо гэдгийг онцлон талархаж байгаагаа илэрхийлж байлаа.