Цаг үеийн мэдээ

Монгол Улсад Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжөөд нэгэн зууныг үджээ.

Гэрийн сургуулиар үсэг бичигт суралцдаг, ном судраа хоймортоо залдаг, амьдралын арга ухаанаа хойч үедээ амнаас ам дамжин зааж сургадаг өв уламжлалтай монголчууд 1921 онд Ардын хувьсгалтай золгож, тухайн ондоо бага сургууль, цэргийн даргын сургууль, Дотоод яаманд Сургуулийн хэлтэс нээснээр шинэ цагийн боловсрол, соёл, шинжлэх ухааны мэдлэгтэй танилцаж эхэлсэн түүхтэй. Боловсролын салбарын 100 жилийн түүхэн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.  

Бүх нийтээрээ бичиг үсэгтэн Улс болов

Монголчууд бид 1921 оноос соёл гэгээрлийн хувьсгал хийж, ардын хөвгүүд охидыг бага, дунд сургуульд, насанд хүрэгчдийг бичиг үсгийн дугуйлан, бүлгэм, зуны сургалтаар сургаж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж чадсанаар 1970 онд Монгол Улс бүх нийтээр 100 хувь бичиг үсэгтэн болсныг үнэлэн ЮНЕСКО-оос Н.К Крупскаягийн нэрэмжит “Бичиг үсгийн шагнал”-аар шагнасан билээ.      

Монголын анхны судар бичгийн хүрээлэн

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага хөгжив

Ардын хувьсгал ялсны дараа нэг сарын дотор Засгийн газар сургуулийн танхим байгуулахыг хэлэлцэж, 1921 оны наймдугаар сарын 31-нд шинэ цагийн сургуулийг байгуулснаар боловсролын тогтолцооны эх суурь тавигдав. Улмаар 1921 онд анхны бага сургууль, 1923 онд анхны бүрэн бус дунд сургууль, 1938 онд анхны ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль байгуулагджээ. 1950 он гэхэд бүх аймгийн төвд 10 жилийн дунд сургууль байгуулагдсан байв.   

   Бага сургуулийн сурагчид /1930-1940 онд /

1925 онд Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургууль нээгдсэн нь

20-р цэцэрлэг /1957 он/

Ойрхон аймагт байрлах САА-н цэцэрлэг /1957 он/

Мэрэгжлийн боловсрол, сургалтын байгууллага үүсэв 

1921 оны наймдугаар сарын 20-нд Ардын цэргийн даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 20 сурагчийг бүртгэж, улмаар 10 дугаар сарын 15-нд  90 хүнтэйгээр морин цэрэг, улс төрийн гэсэн хоёр ангитай, зургаан сарын хугацаатай сургалтаа эхлүүлсэн нь мэргэжлийн сургуулийн анхны эхлэл болсон юм. Улмаар Багш нарыг бэлтгэх курс, Сувилагчийн курс, Мал эмнэлгийн сургууль, Гаалийн нягтлан бодохын сургуулиуд 1921-1924 онд байгуулагдсанаар Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүрдэж эхэлжээ. 

Багшийн сургуулийн сурагчид /1925 он/

Багшийн сургуулийн оюутнууд /1925 он/

Албан боловсролын тогтолцоо бүрэлдэв

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газраас шинэ цагийн боловсролын байгууллага байгуулж, хөвгүүд, охидыг суралцуулах зорилтыг дэвшүүлэн тавьсан байна. 1921 оны наймдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 11 дүгээр хурлаар сургуулийн танхим нээж, түүнд хүүхдийг багаас нь сургах тухай хэлэлцэж “Бага сургууль байгуулах тухай” тогтоол баталсан нь Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоо бий болгох талаар гаргасан хамгийн анхны эрх зүйн баримт бичиг болжээ. Улмаар 1923 онд бүрэн бус дунд сургууль, 1938 онд бүрэн дунд сургууль, 1942 онд МУИС-ийг тус тус байгуулснаар манай улс сургуулийн өмнөх боловсролоос дээд боловсрол хүртэлх бүх шатны сургуультай болж, албан боловсролын тогтолцоо бүрэн бүрэлдсэн байна.   

Дундговь аймаг Адаацаг сумын бага сургуулийн сурагчид /1969 он/

10 жилийн анхны Нэгдүгээр сургууль нээсэн нь 

Монгол Улсын Их Сургуулийн нээлт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮНДЭС ТАВИГДАВ

1942 онд МУИС-ийн анхны хичээлийн жилд хүн эмнэлэг, зоотехник, багш нарын гурван тэнхимд элсэлт авч эхлэв. 1951 онд Улсын Багшийн институтийг байгуулсан нь багш бэлтгэх, багшийн заах ур чадварыг өсгөх, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх үйлсэд том эргэлт болжээ. 1993 онд зарим дээд сургуулийг их сургууль болгож, бакалавр, магистр, докторын зэрэг боловсролтой мэргэжилтэн бэлтгэх шинэ тогтолцоонд шилжив.

Анхны багш нар 

Боловсролын анхны хуулиуд батлагдав

1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар иргэдийн үнэ төлбөргүй сурах эрхийг батлан тунхаглажээ. 1963 онд Сургууль, амьдралын холбоог бэхжүүлж, ардын боловсролыг цаашид хөгжүүлэх тухай хууль, 1983 онд БНМАУ-ын ардын боловсролын тухай хууль, 1991 онд БНМАУ-ын Боловсролын хууль, 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай, 2002 онд Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, 2008 онд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиуд тус тус батлагдсан.  

 

Дээд боловсрол олгох тухай хууль 

Багш нарын цалин, шагнал, урамшууллын тогтолцоо бүрэлдэв

1941 онд багш нарт орон сууц, гэрэл түлш, ус зэргийг үнэ төлбөргүйгээр олгож байх шийдвэр гарчээ. 1945 оноос багш нарын цалинг нэмэгдүүлж, зуны цагт цалинтай хоёр сарын амралт олгох, ажилласан жилээр нь одон медалиар шагнах журам бий болсон түүхтэй. 

Монголын багш нарын 4-р их хурал. Ардын боловсролын яамны сайд Д.Ишцэрэн / 1975 он/

Насан туршийн боловсролын үүсэл, хөгжил 

Ардын хувьсгал ялсны дараа насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг гэрийн сургалт, бүлгэм, түр сургууль зэрэг хэлбэрээр зохион байгуулж байв. 1955 онд “Насанд хүрэгчдийг сургах, оройн сургуулийг байгуулах тухай” тогтоол гарч, 1957 онд насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгажээ.

Цэргийн эмэгтэйчүүдэд бичиг үсэг заасан нь

Боловсролын гадаад хамтын ажиллагаа хөгжив

Сургууль, боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах боловсон хүчний хэрэгцээг хангах зорилгоор 1921 оноос гадаадын цэрэг, иргэний сургуульд монгол залуусыг явуулан сургах болжээ. Мөн орос сургагч багш нарыг урьж ажиллуулж байв. Монгол Улс 1962 онд ЮНЕСКО-д элссэнээс хойш манай улсын боловсролын гадаад хамтын ажиллагаа улам өргөжив. 1993 оноос боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн олон хөтөлбөр, төсөл, оролцоо, дэмжлэг нь боловсролын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой байв. 

Өмчийн хэвшилд тулгуурласан боловсролбн тогтолцоо бий болов 

Монгол Улс Шинэ Үндсэн хууль баталж, олон тулгуурт гадаад бодлого баримтлах болсноор өмчийн олон хэвшлийн сургалтын байгууллага байгуулах эрх зүйн орчин нээгдэв. Ийнхүү 1991 оноос хувийн анхны дээд сургууль, ЕБС-иуд байгуулагдаж эхлэв. Төрийн өмчийн сургуулийг хувьчлах үйл явц 1997 оноос эхэлсэн бөгөөд СЭЗДС, ХУИС зэрэг сургуулийг хувьчилжээ.

Булган ЕБС сургууль химийн хичээл багш Ё.Дарьсүрэн 1987 он

Таны сурталчилгаа