Цаг үеийн мэдээ

Иргэн Д.Амартүвшин, Д.Булгантамир нарыг цар тахлын үед хууль зөрчиж, жагсаал зохион байгуулсан хэргээр шүүхээс дуудаж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарлаа.

Энэ тухай комедиан Д.Амартүвшин: "Би өнгөрсөн 7 сарын 28-нд хэргийн материалтай танилцаад 8 сарын эхээр шүүх хурал болсон. Хэргийн материал дээр авагдсан баримтууд нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурал 14 хоногоор хойшлогдсон. Тэрнээс хойш ор сураггүй алга болсон шүүх хурал гэнэт энэ 7  хоногийн 1 дэх өдөр нь маргааш шүүх хуралтай шүү гээд залгасан. Би хэргийн материалтай танилцаж амжаагүй байсан учраас 4 дэх өдөр хүртэл хойшлуулаад өнөөдөр шүүх хурал боллоо. Өнөөдрийн шүүх хуралд нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд нь яг л бахь байдгаараа, хэвээрээ.  14 хоногийн хугацаанд шүүгчээс захирамж гаргаад нотлох баримтын шаардлага хангах түвшинд аваачиж нотлох баримтаа бүрдүүл гэсэн шийдвэр нь хангагдаагүй. Дээрээс нь мэдүүлэг авсан хүнийхээ гарын үсгийг зураагүй нотлох баримтын шаарддлага хангахгүй байсан зүйл дээр гарын үсэг зуруулсан. Зүй нь бол дахиж мэдүүлэг аваад гарын үсэг зуруулах байсан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд байна. Өнөөдөр ийм нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд дээр үндэслээд Д.Булгантамир бид 2-т шүүхээс Зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгуулах шийдвэр гарлаа. Би хуулиа дагана, хуулиа дээдэлдэг хүн, энэ хуулийн буруу зөрүү гэж яримааргүй байна. Гол нь яг надтай адилхан улбар шар дэглэмд, яг энэ хууль үйлчилж байгаа хугацаанд намайг үйл ажиллагаа зохион байгуулснаас сар гаруйхны дараа хэдэн мянган хүн цуглуулсан, би бол үсрээд 60 хүн цуглуулж байгаа юм. Гэтэл үүнээс хэдэн зуу дахин их хүн цуглуулаад ямар ч зай бариулахгүй, хооронд нь шахцалдуулаад махан овоо босгосон нөгөө эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно биз дээ. Надтай хариуцлага тооцож байгаа бол яг ижилхэн тэр хүмүүстэй хариуцлага тооцох юм байгаа биз дээ гэдэг асуултыг би асууж байгаа юм. Энэ хүмүүс дээр бас Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрынхан бас зөрчлийн хэрэг үүсгэнэ биз дээ. Тэгэхгүй сайд дарга нар нь хүн цуглуулаад махан овоо босгож болдог. Бид нар болдоггүй. Биднийг хуулиар далайлгаад торгодог шийтгэдэг байсхийгээд цагдаа дээр дууддаг, мэдүүлэг авдаг, шүүх хурал болдог ийм зүйл болоод байна. Тэгэхээр яг тэр хүмүүстээ хариуцлага тооцно шүү, та бүхэн бас үүнийг шаардаарай. Хэрэг хуучрахгүй шүү дээ. Тэр хүмүүст хэрэг үүсгэж яг надтай адилхан 500 мянган төгрөгөөр торгоорой. Тэгэхгүй бол энэ чинь шудрага ёсонд нийцэхгүй шүү гэдгийг л хэлмээр байна" гэлээ.