Дотоод хэргийн их сургуулийн 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн”, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Шижир Гоульд" ХХК, ТЭЦ-4, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эрдэнэсийн хотхон" ХХК, "Их Монголын хүчтэн дэвжээ"-ний бөх, улсын харцага Х.Гантулга, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интенэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар шалгарлаа.
Наймд улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Д.Тогтохжаргал, аймгийн харцага Г.Гантулга нар үлдэв.
Дотоод хэргийн их сургуулийг төгсөгчдөөс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарди Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, Т.Амартүвшин тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой олон бөхчүүд төрөн гарсан байдаг. Тэд сургуулийнхаа 90 жилийн ойн барилдаанд олноор хүрэлцэн ирсэн байлаа. Зохион байгуулагчдын зүгээс үе үеийн төгсөгч, сонсогч, хамт олныхоо дотроос таван азтаныг тодруулж, мөнгөн аяга, хадаг гардуулсан юм.
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай.