Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав энэ сарын 17-нд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй бүрэн нийцэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад чиглэсэн усны менежмент, усжуулалтын систем, тухайлбал ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах чиглэлээрх сайн туршлага, санаачлагаа Унгар Улс хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.    

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэжээ.