Иргэн Г сургуулийн гуанзны тоног төхөөрөмжийн төсөвт 2 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай цахим хуудастаа шүүмжилжээ. Харин Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: "Г та ямар ч зөв мэдээлэлгүй байж 2022 оны төсөвт тусгасан хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулах ажлыг мушгин гуйвуулж худлаа мэдээлэл цацахаа зогсооно уу. Харин ч энэ удаагийн төсөвт УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргийнхээ цэцэрлэг, сургуулиудад энэ ажлыг санаачлан эхлүүлж тус бүр 2 тэрбум төгрөг тусгуулсанд бид хүүхдүүдийнхээ, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархах ёстой. Энэ бол иргэдийн татварын мөнгийг зөв зүйлд зарцуулах сайн төсөв. Би өөрөө сошиалд идэвхтэй байдаг хүний хувьд ямар ч шүүмжлэлийг хүлээж авна.
ЕБС-ийн Үдийн хоол хөтөлбөр 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд хэрэгжиж байгаа. Улсын хэмжээнд 600 ЕБС-ийн үдийн хоолны чанарыг сайжруулж, стандартын гал тогтоотой болгоход 40 тэрбум төгрөг хэрэгтэй. 2022 оны Улсын төсөвт сургуулиудын гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж БШУЯ-аас 6 тэрбум төгрөг зориулна. Энэ мөнгөөр бид Улсын хэмжээнд нилээд олон сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Төсөв гэхгүйгээр өөр ч эх үүсвэрээс ч дахиж мөнгө олж тавина.
Хүүхдүүддээ түрээсийн гуанзны хоол идүүлэхгүйн тулд хэрэгтэй 40 тэрбумыг жил жилийн төсөвт заавал тусгуулж явна гэдгээ хэлье. Хүүхдүүдийнхээ хоолны чанарыг сайжруулахын эсрэг байгаа сошилчин нөхөртөө хэлэхэд эхлээд нягтал, судал, дараа нь мэдээл. Хэрвээ би төсвийн алдаа гаргасан бол, хүүхдүүдийнхээ эсрэг зүйл хийсэн бол ямар ч асуудалгүй хариуцлагаа хүлээгээд явна. Сайдын сандал суудалтай зууралдах гэж би энэ салбарт ирээгүй" гэв.