Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, хүндэт доктор, Аж үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайд Паавангийн Дамдин агсны мэндэлсний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Ардын Намын санаачилгаар “Их бүтээн байгуулалт-П.Дамдин” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгууллаа. Мөн Тусгаар тогтнолын ордонд “П.Дамдин агсны амьдрал, үйл хэрэг” сэдэвт  гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн, олон нийтийн хүртээл болголоо. Тус хуралд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, П.Дамдин агсны охин Д.Цэнгэл, хүү Д.Баяр нараас гадна түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж явсан үе тэнгийнхэн, ойр дотнынхон нь хүрэлцэн ирэв.

Монгол Улсын аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд П.Дамдингийн оруулсан хувь нэмрийг хойч үедээ сурталчлан таниулах, түүний үйл хэргээр дамжуулан 1960-1990 онд Монгол Улсын түлш, эрчим хүч, хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалт, тэдгээрийн экспортыг эрчимжүүлэх, хөнгөн хүнс, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд баримталсан бодлого, үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн талаар хэд хэдэн илтгэлийг хэлэлцүүлсэн  юм.

Түүнчлэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон  Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Түүхийн ухааны доктор, профессор, Эрдэнэт хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Б.Батбаяр нар мэндчилгээний үг илгээсэн бол  МАН-ын Төв хорооны нарийн бичгийн  дарга асан Г.Адъяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Р.Раш, Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилтын төвийн захирал, Хяналт, стандартын  хэлтсийн  дарга асан А.Юмжээ нар  дурсамж үг хэлсэн юм. 

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар эрдэм шинжилгээний  бага хурлыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн ахмад гишүүд, П.Дамдин агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, эрдэмтэн судлаачдад МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн болон өөрийн зүгээс талархал илэрхийлээд “Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 815 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жил, Ардын хувьсгалын 100, зөвхөн Монгол Улсад төдийгүй төв Азид анхны улс төрийн хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг олон түүхэн, тэгш ой тохиож байна. Үүний зэрэгцээ Монголын  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Дамдин агсны мэндэлсний 90 жилийн ой давхар тохиож байгаагаараа онцлогтой. Түүний ид бүтээн байгуулж хөдөлмөрлөсөн он жилүүдэд Монгол Улсад ноос ноолуур, хөнгөн хүнсний үйлдвэр, ноос ноолууран бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр зэрэг бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд  болон Монгол Улсын аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүчний хөгжилд цоо шинэ түүх эхэлж, хөгжил шинж түвшинд гарсан гэж үзэж болно. Түүнчлэн Эрдэнэт хотыг байгуулалцаж явсных нь хувьд П.Дамдин агсны нэрэмжит гудамж тус хотод байдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл түүний мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотод П.Дамдин агсны нэрэмжит гудамж байгуулахаар МАН-аас санаачлан нийслэлийн ЗДТГ, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллаж байна” хэмээн онцолсон.      

П.Дамдин агсан 1946 онд Санхүүгийн техникумыг төгсөж, 1950 оны наймдугаар сараас МАХН-ын төв хорооны санхүүгийн тасагт данс хөтлөгчөөр хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд 1952-1958 онд ЗХУ-д суралцаж, эдийн  засагчаар төгсөн, Улсын төлөвлөгөөний комиссын Аж үйлдвэрийн хэлтэст мэргэжилтэн,  хэлтсийн даргаар томилогдож, 1950-аад оны сүүлчээс Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаанаа зориулжээ. Тэрбээр 1960 оноос Аж үйлдвэрийн яамны болон Хөнгөн, хүнсний үйлдвэрийн сайдаар тасралтгүй 20 жил ажилласан юм. 1979 онд МАХН-ын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож, улсын аж үйлдвэр, барилгын салбарын хөгжил дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон чиглүүлэх, хэрэгжүүлэх үйлсэд 1990-ээд оныг хүртэл хүчин зүтгэж,  энэ салбарт жинтэй хувь нэмрээ оруулсан МАН-ын нэрт зүтгэлтнүүдийн нэг билээ. Тэрбээр 1949 онд МАХН-д гишүүнээр элсэж, зургаан удаагийн Их хурлаас намын төв хорооны гишүүн, 1987-1990 онд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээр, Ардын их хурлын депутатаар есөн удаа сонгогдож байсан нам, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Тэрээр 1960-1990 оны эхэн үе хүртэл ажиллахдаа түлш эрчим  хүч, хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр, барилгын материалын зэрэг бүхий л салбарт ололт амжилт, шинэ санаагаа амжилттай хэрэгжүүлсэн манай улсын анхны шилдэг сэхээтэн, эдийн засагчдын нэг билээ. Үндэсний инженерүүдийг эх орондоо бэлтгэх үндэс суурийг тавилцсан П.Дамдин агсанд  ШУТИС-аас “Хүндэт доктор” цол олгосон бол Монголын төрөөс Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан юм.

 

Таны сурталчилгаа