Цаг үеийн мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол Улсын далбаатай хөлөг онгоцнууд хэчнээн зөрчил гаргасан, зөрчил гаргавал ямар хариуцлага тооцох талаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Зөрчил гардаг. Далайд гарцгүй орнууд төрийн далбаагаа хөх далайд мандуулах эрх гэж байдаг. Энэхүү эрхийг эдэлж байгаа улсууд тухайн явж байгаа онгоцны эзэмшигч улсын тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн, онгоцны баг бүрэлдэхүүн зэрэг бүх зүйлд ямар нэгэн асуудал гарахад Монгол Улс хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоо байхгүй.

Манай улс тухайн зөрчил гарсан газарт нь мэдээлэх үүрэгтэй бөгөөд далайн 38 гэрээ конвенцод нэгдэн орсон. Тиймээс далайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил явуулах, загас агнуур хийх, далайн баялгаас ашиглах боломжтой.

Гагцхүү 1999 оны хуульд ерөнхий заасан учир үүнийг ашиглах боломжгүй байсан. Энэхүү зохицуулалтыг өнөөдрийн хэлэлцэж буй хуульд нарийвчилж оруулж өгсөн. Монгол Улс цаашид өөрийн далбаа, онгоц, боловсон хүчинтэй болж эх далайд тээвэр хийх боломжийг олж авах гэж зорьж байна. Одоо бол зөвхөн далайд гарцгүй орнууд төрийн далбаагаа эх далайд мандуулах эрхийг л бусад орнуудад олгож байгаа. Эндээс л хураамж авч, тус харилцаанд оролцож байна" гэв. 

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2003 оноос хойш 4,000 гаруй онгоц бүртгэгдсэн бөгөөд 20 орчим зөрчил илэрчээ. Зөрчлийн асуудлыг эргийн дагуу явж байгаад гаргавал эргийн улсад эсвэл ойролцоох улсад мэдэгддэг гэдгийг ажлын хэсгээс хэллээ. 

Таны сурталчилгаа