Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Н.Сайхан-Уянга Улаанбаатар хотын агаарын бохирдол болон автомашины түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээврийн шинэ шийдэл болох дүүжин тээврийг туршилтаар нэг шугамд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Отросол” төсөл буюу Агаарын төмөр зам /Sky Training/-ын талаар товч танилцууллаа. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч “Отросол” төслийн талаар дэлгэрэнгүй судалгаа, нарийвчилсан мэдээллийг хүлээн авсны дараа зөвшилцөнө гэв. Мөн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Ц.Өлзийтогтох нийслэлийн нийтийн тээврийн ачаалал хэтэрсэн, жолоочийн цалин бага, маршрут төлөвлөлт муу байгаа учир үүнийг шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Тэрбээр нийслэлийн тээврийн үйлчилгээнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх динамик график гаргасан бөгөөд энэ асуудлаар холбогдох албаныхантай санал солилцож, шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн иргэний саналыг хүлээн авч, дэмжин ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагад үүрэг болгосон юм. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Цэрэнхорол тус хорооны автобусны буудлын цагаан шугам мэдэгдэхгүй болж, замын тэмдэг, тэмдэглэгээ арилсныг дуулгалаа. Иргэний гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тус байршлуудад шаардлагатай авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг 2022 онд тусгаж, шийдвэрлүүлэхээр болов.