Цаг үеийн мэдээ

“Тамхины хяналтын суурь конвенц /ТХСК/” нь улс орнууд дангаар болон хамтран тамхины хэрэглээний түвшин, тамхины хоронд нэрвэгдэх явдлыг бууруулах,  тамхидах тахлын эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн үр дагавараас одоо ба хойч үеийнхнийг  хамгаалах зорилготой гарч байгаа нийгмийн эрүүл мэндийн талаархи  анхны,  олон улсын хууль эрх зүйн баримт юм. ДЭМБ-ын “Тамхины хяналтын суурь конвенц”-д  Монгол улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж  Улсын Их Хурал  2003 оны 10 дугаар сарын 24-ны өдөр  соёрхон баталсаныг 2004 оны 1 дүгээр сарын 27-ны  өдөр НҮБ албан ёсоор бүртгэж  авсан болно.  Ийнхүү манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид Оролцогч тал болсон бөгөөд ингэснээр манай улсад авч хэрэгжүүлж байгаа тамхины хяналтын арга хэмжээнд ахиц дэвшил гарах таатай  нөхцөл бүрдсэн юм. Монгол улсын Засгийн газраас тамхины хяналтыг сайжруулах зорилгоор эн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авч “Тамхины хяналтын суурь конвенц”- ийн  ерөнхий зарчим, арга хэмжээнүүдийг дотоодынхоо нөхцөл байдалтай уялдуулан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль”-ийг  шинэчлэн найруулж 2005 онд УИХ-аар батлууллаа. Ингэснээр Монгол улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчимд нийцсэн “Тамхины хяналтын тухай хууль”-тай болов.

Тамхины Хяналтын Суурь Конвенци,  Тамхины хяналтын тухай Монгол улсын хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тамхи хэрэглэсэн, дам тамхидалтад өртсөнөөс болж хүний эрүүл мэндэд учрах хор хөнөөлийг харуулсан 31 төрлийн зураг, мэдээлэл бүхий “Эрүүл мэндийн зурагтай анхааруулга”-ын загварыг боловсруулан олон нийтийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр 6 төрлийн загварыг тамхины хайрцаг, боодол дээр хэвлэж байхаар Эрүүл мэндийн сайдын 2006 оны 368 дугаар тушаалаар батлуулсан. Энэ нь Тамхины хяналтын талаар засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэхүү арга хэмжээ нь тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэндэд учрах сөрөг үр дагаварын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүртээмжтэй болгоход чухал ач холбогдолтой юм.Төслийн нээлтийн хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Нарийн бичгийн даргын алба, Хөгжлийн тусламжийн багийн ахлагч ноён Эндрю Блэк болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.