Цаг үеийн мэдээ

Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны энэ өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.

Харин өнөөдөр дэлхийн 140 гаруй оронд энэхүү баярыг албан ёсоор тэмдэглэдэг юм. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхлэдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд Хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр.