Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хийсэн хуралдааныхаа талаар зарим мэдээллийг өгөв. Тус намын Бүлгийн дарга Д.Ганбат "Ардчилсан намын бүлэг гурван асуудлаар хуралдлаа.

Нэгдүгээрт, УИХ-ын чуулганаар Оюутолгой ордоос Монгол Улс үр ашиг хүртэх тухай тогтоолыг хэлэлцэж байгаа.

Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Гуравдугаарт, Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой өнөөдрийг хурлаа хийлээ. 

Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрсэн. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна.  Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.

Мөн жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой асуудлаар манай нам нийтийн сонсгол явуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Эрх баригч намын зүгээс энэ сарын сүүлчээр нийтийн сонсголын товыг зарласан ч дэмжигдээгүй. Ардчилсан намаас дахин санал гаргана" гэсэн юм.