Цаг үеийн мэдээ

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.

Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарсан. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өнөөдрөөс /2022.02.21/ эхлэн өөрчилсөн. Ийнхүү замын ачаалалд хэрхэн өөрчлөлт гарсан талаарх мэдээллийг ЗХУТ-өөс ирүүлжээ. Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагийг өнөөдөртэй харьцуулахад зохицуулалт хийсэн хэсгүүдийн ачаалал 17 хувиас 23 хувиар буурчээ. Тухайлбал 02-р сарын 14-нд буюу өмнөх 7 хоногт өглөөний 07-08 цагийн хооронд  15.727 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол зохицуулалт хийгдсэн өдөр буюу өнөөдөр 13012 машин хөдөлгөөн оролцжээ. Энэ нь цагийн зохицуулалтаар 2600 гаруй тээврийн хэрэгслээр хөдөлгөөний эрчим буурсан үзүүлэлт болж байна.