Цаг үеийн мэдээ

Сар гаруйхны өмнө Б.Баатартай уулзав. Удаан уулзаагүй дүү надад уран бүтээлийн сониноо дуулгасан нь “Тамгагүй төрийг” дахин тавих гэж байгаа гэнэ. 

– Яаж тавихаар төсөөлж байна? Миний асуултад Б.Баатар маш товч хариулав. 

“Налуу тайз байна. Бүжгийн хөдөлгөөн. Биеийн дүрслэлээр дүрүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлнэ”

Түүний энэ товчхон хариулт яаж бодьжин биелснийг, асар богино хугацаанд жүжиг хэрхэн дахин амилсныг би харлаа. Бахархлаа. Омогшлоо. Сэтгэл хөдлөлөө буулгахаар шийдлээ. Энд би зөвхөн найруулга зүйн талаас нь голлож бичих болно.

Цэвэр урлагийн тухай

Нийгмийн сүлжээгээр дэмийрэгсэд, энд тэндэхийн буланд аяга ёроолдогч чалчаа нарын хийрхсэн нүдээр бол "Тамгагүй төр" жүжиг нуль улс төр юм байх. Айхтар хорон далд улс төрийн явуулгын нэг хэсэг ч гэж байх шиг. Элэг хөших нь. 

Эрдмийн оройд гарсан, судалгаа шинжилгээний туйлд хүрсэн гэх их мэдэгчдийн үгээр бол энэ жүжиг түүхэн баримтад огт тулгуурлаагүй, он цагийн нуль алдаа заасан юм байх. Элэг дэлбэрлээ. 

Энд ямар ч улс төр, ямар ч түүхийн баримт яригдахгүй. Энэ бол цэвэр урлаг. Урлагийн төлөөх урлаг. Монгол жүжиг, монгол драм одоо төрхөө олж ирж байна. Монголын театр Саран хөхөөгөөс инагш урт замыг туулсаар ХХI зуунд монгол драм гэж бусдаас ялгарах дүр төрхийг олох учиртай байж гэж бодогдов. Нэрт домог зүйч, доктор С.Дулам гуай нээлт дээр “Энэ жүжгийг хаана ч нүүр бардам үзүүлж болно. Хэн ч ойлгоно” гэж хэлсэн. 

Уран яруу үгийн чуулбарыг айзам эгшигт хөгжмөөр амьсгалуулан өнгө будаг тод, чимэг хийц гайхам тайз, хувцас хэрэглэлээр бодижуулан уян налархай бүжгийн хөдөлгөөнөөр төгсрүүлжээ. Найруулга зүй бол жүжигт оролцож байгаа бүхий л эд эс, хэсэг бүрийг утга яруугаар уялдуулан зохируулан найрсуулах эрдэм. Үүнийг Б.Баатар төгөлдөр дүүрэн гүйцэтгэжээ. Тэр бяртай уран бүтээлч, авъяас мэдрэмжтэй найруулагч гэдгээ ахин нотлолоо. Монгол зураг гэдэг шиг монгол драм ямар байхыг харууллаа. 

Хэдэн жилийн өмнө Ханжоуд би нэг хятад судлаачтай ярилцсан юм. Ший янгуу буюу олон улсад Бээжин опера гэгддэг хятадын тайзны урлаг нь Ханжоу хавиар, өмнөд хятад тоглогдож байсан гэнэ. Юаний хаад буюу монголчууд нийслэлийг нь Бээжинд шилжүүлэхийн зэрэгцээ шүлэглэж ярихаас хэтэрдэггүй байсан ший янгууны жүжигчдийг дуулахыг шаардсан байна. Ингээд Бээжин опера төрхөө олжээ. Үүн шиг монгол драм төрхөө олж эхэлж байгаа нь энэ.  

Жүжгээс надад өчүүхэн ч улс төр, бяцхан ч түүхийн гажуудал харагдаагүй.   

Жүжгийн Ерөнхий зураач Д.Ганзоригийг би хар багаас нь таних юм. Нэг байранд нэг үе амьдарч байлаа. Тэр маш мэдрэмжтэй. Нарийн чамин гүйцэтгэлтэй зураач. Тэр түүхэн судалгаагүйгээр юуг ч хийхгүй. Эртний угсаатны зүй, түүхэн судалгаанд асар их зарцуулсныг нь мэдэх юм. Д.Ганзориг найруулагчийнхаа төсөөлснийг тайзнаа, нүднээ дурайтал босгожээ. Лавтай миний хүлээлтээс давсан тайз, хувцас чимэглэл харагдна. Б.Лхагвасүрэн гуайн тансаг яруу шүлгийн мөрүүдтэй эн зэрэгцэх гоёмсог хийц, өнгө яруу дүрслэлийг Б.Баатар Д.Ганзориг хоёр бүтээжээ. Ийм түүх, хүмүүс, хувь тавилан байсан байх гэж эргэлзэхээргүй итгэтэл тэд жүжгийн орчныг урласан байна. 

Б.Баатарын олсон нь бүжгийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэхүйг илтгэх. Бүжиг бол уран зураг, уран баримал, кинотой адил дүрслэхүйн урлаг аж. Б.Баатар Б.Лхагвасүрэн гуайн хүүрнэсэн түүхийг дүрслэлээр (visual storytelling) бидэнд өгүүлэв. Харах хүртэхүй бол сэтгэл хөдлөлийн 80 хувь, сонсох, үнэрлэх, хүртэх, амтлах зэрэг нь үлдсэн хувийг эзэлдэг. Бүжиг дэглээч Д.Баярбаатар, Х.Хашхүү нар Б.Баатарын сэтгэлийн гүнд сүүмэлзэх дүрслэлийг хөдөлгөөн, хэмнэлээр биежүүлэн илэрхийлнэ. Ялангуяа эротик үзэгдэл, үхэл хагацлын зөн ёрыг илтгэх хэсгүүдэд бүжиг далд бүхнийг ил гарган шидлэнэ. Хүний булчин, махбодын анатомыг илтгэх хувцас, Укокын гүнжийн шивээсийг санагдуулам хувцас энд тод шигтгээ болж сэтгэлд гүн үлдэв. 

Хөгжим болоод бүжигт уламжлал орчин үе хоёр сүлэлдэн найралдна. Бий биелгээ-modern ballet. Миний чихэнд тээр хойно ч хүүхдийн уйлах мэт, ээжээ дуудах мэт дуу хадсаар л байлаа. Жүжгийн амин сүнсийг хатгах сонин шийдэл. 

Гэрэл, дуу чимээ. Б.Баатар үзэгчдийг далд ухамсрын түвшинд Бавуугийн Лхагвасүрэн гуайн урласан Хүннүгийн ертөнцөд аваачихад дуу чимээг гэрэлтэй хослуулан чадмаг ашиглажээ. Бага хатны тэнгэрт хальж байгаа хэсэгт оновчтой техник ашигласан нь ангайлгаж чадлаа. 

Жүжгийг бүтээхэд оролцсон хэдэн зуун хүн, гэрэл, дуу чимээ, хөгжим, тайз, хувцас хэрэгсэл, жүжигчид, бүжигчид, урчууд дархчуудын болон арын албаныханы зүтгэлийг нэгэн тайзан дээр нэгтгэн зохируулах, найруулдах нүсэр ажлыг Б.Баатар бахдалтайгаар амжуулсан байна. Надад өөлөх зүйл олдсонгүй. Тайз л жаахан давчуу санагдсаныг эс тооцвол…    

Түүх ба урлагийн харьцаа

Түүхээс сэдэвлэсэн урлагийн бүтээл нь түүхийн сурах бичиг биш. Түүхэн баримт бүр ч биш юм. Хүний хувь тавиланг түүхэн дэвсгэр дээр өрнүүлж, уран сайхны дүрээр тодорхой санааг илтгэх нь урлагийн хүсэл болой. 

Жишээ болгож бүхний мэдэх “Гладиатор” киног авч үзье. Яг түүхэн баримтууд, цаг хугацаа энэ кинон дээр олноор зөрчигднө. Максимус – ийм нэртэй түүхэн жанжин огт байгаагүй. Цэвэр уран сайхны дүр. Император Коммод - кинонд дүрсэлснээс өөр сахалтай хүн байжээ. Коммод Римийг 13 жил удирдсан. Кинон дээрх Коммод 2 жил гаруй л хаанчилсан гэж гарна. 

Римчүүдийг Герман луу довтолж байгаагаар кинонд дүрсэлсэн. Түүхэндээ бол Марк Аврелийг засаглаж байхад германчууд Римийн хойд хил орчим Дунай мөрөн, Хойд Итали руу довтлон орж байжээ. Кинонд Аврелийг 25 жил хаанчилсан гэж гарна. Түүхээр бол тэр 19 жил засаглаад тахлаар өөд болжээ. 

Киноны хувцас хэрэглэл, зэр зэвсэг болон ахуй нь эртний Рим болон дундад зууны Италийг хольсон байдалтай. Хамгийн гол нь илэрхийлж байгаа нийгмийн үнэт зүйлс нь эртнийх биш харин орчин үеийн америкийнх байдаг. Киног бүтээгчдийн зорилго нь жанжнаас мэсчин боол руу уруудсан эрийн хувь тавиланг нээн харуулах. Орчин үеийн үзэгчдийн сэтгэлд бууж, хайрыг татах эрэлхэг эрийн түүх юм. 

“Тамгагүй төр” жүжигт Хүннү гүрний нэр дурдагдах ч яг таг түүхэн үе, бодит хаад, хатдыг огт дүрслээгүй. Энэ бол эртний монголчуудын дүр, язгуурын сэтгэлгээний түүх. Бүх судалгаагаар хүннүчүүд эх нутгаасаа хаашаа ч яваагүй. Гурван голын бэлчиртээ төдийгөөс өдийг хүртэл дөрвөн цагийн эргэлтэд морио уна,* малаа өсгөсөөр ирсэн. Үүнийг шинжлэх ухаан яс үс, ген уг гарвалаар нь нотолчихсон юм. Харин “Тамгагүй төр” жүжиг Хүннү бол монголын дээдэс, хүннүчүүд бол бид гэдгийг тамгагүйгээр нотоллоо.

Эзэн богд Чингис хаан нанхиад мэргэн Чаньчун бумбад илгээсэн захидалдаа Их Монгол улсыг Хүннү гүрнийг залгамжлагч гэж үзэж байгаа илэрхийлж “Миний харж буйгаар эртний үеийн Шаньюгаас хойш ийм зах хязгааргүй гүрэн байгуулагдаж байгаагүй билээ. Хэдийгээр миний энэ дуудлага өндөр ч, надад ноогдсон үүрэг бас хүнд юм” гэсэн нь бий. 

Жүжигт гарч буй үйл явдлуудын уг учир, дүрүүдийн үйлдлийн шалтгаан бүгд шинжлэх ухааны тайлбартай. Эгэрэг түшмэл, Их хатан хоёрын хүүхдээ бусдын хүүхэдтэй сольж буй үйлдэл нь хувьслын сэтгэл зүйгээр тогтоогддог үйлдэл. Ричард Докинзын “Аминч ген”(Richard Dawkins “the Selfish gene”)  хэмээх цуутай бүтээлд өгүүлснээр хүн бол генийхээ даалгаврыг биелүүлэх гэж яваа л амьтас юм. Ген бидэнд тэсэж үлдэх, өсөж үржих гэсэн хоёр үндсэн даалгаврыг өгдөг. Үүнийг хэрхэн биелүүлэхээр сэтгэж, үйлдэж байгаагаас хүний мөн чанар тодорхойлогддог ажгуу. Жүжигчин С.Болд - Эрдэнэ өөрийн хүү Ачирын талаар хаантай ярьж байгаа хэсэгт ген, удамшлын хэлхээг харуулах бяцхан мөртөө тод шигтгээг урласныг үзэгчид анзаарсан байх гэж найдна.  

Төөрөлдсөн нэгэн ойлголтыг залруулахад жүжгийг тухлан үзээгүй хүмүүсийн төсөөлж байгаа шиг энэ жүжгийн агуулгад тамга булаалдсан, тамгаа алдсан зүйл огт байхгүй. Нэрнээс нь өнөөгийн улс төртэй хамаатуулж ойлгодог үл мэдэгчдэд хандаж хэлэхэд сайн унш, тогтож үз!  Энэ жүжигт энд тэндхийн дарга нэртэй новшнуудын тамгаа авч зугтдагтай зүйрлэх зүйл түй ч байхгүй.

Сэтгүүл зүй ажлаа хийхгүй нийгэмд л урлаг улс төрждөг. Коммунист хяналтад баглагдан үүргээ гүйцэтгэж  чадахгүй явсан сэтгүүл зүйн өмнөөс Р.Чойном улс төржиж байсан юм. Одоо тэгэх шаардлага байхгүй. У.Болортуяа, Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг, С.Бүдрагчаа, Б.Отгон… гээд нэрлэж дуусахгүй олон сэтгүүлч хангалттай улс төржиж чадна. Тэд ажлаа хийг. Урлаг урлагаараа үлдье.

Төгсгөл хэсэгт Эгэрэг түшмэл хаанаас тамгаа өгөхийг шаардахад: 

Арчуг  - Хаан хүн

Сэнтий, тамга хоёроо өгдөг юмаа гэхэд

Цаана нь үлдсэн хаан зүрхээ өгөх үү, үгүй юу гэдэг . . .

Чи ганцаараа хариулчих асуулт биш

Би

Хүннү төрийн тамгыг барих

Хүнгүй болчихоор нь

Хоёр сүүн уулын цаана

Хорин улаан горхины уулзах газар булчихсан

Есөн үеэр сахиж

Ерхөг өвсийг нь ч битгий хөдлөг гэж

Нэгэн биений эрхтэн шиг итгэлт отогтоо

Захиад онголчихсон

Чи олохгүй

Чамд олдохгүй… гэх зэрэг үгс байгаад хууртах хэрэггүй. 

Жүжгийн төгсгөлд найруулагчийн шийдлээр хаан амьд сэрүүн, алтан сэнтийдээ амгалан суух агаад үүнээс харахад хэн ч тамга авч зугтаагүй,хэн ч нуугаагүй. Алдаагүй. Тийм өчүүхэн улс төр их урлагт цухуйх ч зай үгүй.

Жүжгийн илэрхийлж буй үндсэн санаа нь 

Дур, зорго ухаан хоёроо хурааснаас минь хойш 

Дуртай болгон нь төр булаалдаж 

Бие биенээ хөнөөж 

Бишгүй их дайтах биз 

Идэх гэж дурладаг 

Мэдэх гэж дурладаг 

Тэнэгүүдийн тоглоом болох төрийг 

Тэнгэрийн дор би орхиж чадахгүй 

Хүүгээсээ би маргааш хагацана

Хүннү төр тэнэгээсээ хагацана

Мянга мянган жилийн одод бие биендээ шивнэж 

Миний зөв гэсэн бурууг, нараар цагаатгана гэх  мөрүүдэд бий. 

Эдгээр үгс нь Эзэн богдын алдарт сургаал АЛД БИЕ МИНЬ АЛЖААВААС АЛЖААТУГАЙ, АХУ ТӨР МИНЬ БҮҮ АЛДРАГ гэсэн үгстэй яв цав давхцна. Энэ бол нүүдэлчдийн их төрүүдийн шууд залгамж болсон өнөөгийн монголчуудад амин хувийн ашиг сонирхлоороо үндэсний эрх ашгийг сөрж, төрөө унагаж, бутаргаж, гутааж болохгүйг үеийн үед сануулах үгийн хэлхээ мөн. 

Богд эзний сургаал үгс Бавуугийн Лхагварсүрэнгийн найргаар ахин бидний сэрэл ухамсрыг дэлдэж байгаа юм. Б.Баатар цэвэр урлагийн хэлээр та бидэнд үүнийг л дамжуулсан.  

Найруулагч Б.Баатар өөрийн гарын үсгээр бүтээсэн урлагаа бидэнд омог бардам толилуулж байна. Энэ бол physical drama гэхээсээ МОНГОЛ ДРАМ байлаа. Дүүд талархал дэвшүүлье.

Таалал орших болтугай. 

Р.Батсайхан найруулагч

Таны сурталчилгаа