Алдарт Титаник хөлгөөр аялалд гарсан зорчигчдын дунд хамгийн чинээлэг зорчигч байсан Жон Жэкоб Эстор IV эрхмийн зүүж байсан халаасны алтан цагийг дуудлагаар худалджээ. “Хэнри Олдриж энд Сон” дуудлага худалдааны ордны зохион байгуулагчид уг цагийг 100,000-150,000 фунт стерлингийн үнэд хүргэнэ гэж таамаглаж байсан боловч үүнээс 10 дахин илүү үнээр зарагдсан байна.
Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын цуглуулагч уг цагийг 1,2 сая фунт стерлинг буюу 1,5 сая ам.доллароор худалдаж авчээ. Жэкоб Эстор 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Титаник хөлөг мөсөн хад мөргөж сүйрэх үед амиа алдсан 1,500 зорчигчийн нэг байсан юм. Тэрээр Титаник хөлөг дээр амиа алдсан боловч бие давхар эхнэр нь амьд үлдэж чаджээ.
Эсторын цогцсыг олсны дараа алтан цаг, алтан товч, алмаазан шигтгээтэй бөгж, мөнгө, халаасны дэвтэр зэрэг эд зүйлсийг нь түүний хүү Винсент Эсторт хүлээлгэж өгсөн байна. 1935 онд Винсент ааваасаа үлдсэн алтан цагийг түүний нарийн бичгийн даргын ажлыг хийж байсан Уильям Доббины нялх хүүд бэлэглэж байжээ. Доббины гэр бүл цагийг 1990-ээд он хүртэл үе уламжлан хадгалж эцэст нь дуудлагаар худалдахаар болжээ.
Уг цаг 1,5 сая ам.долларын үнэ хүрснээр Титаник хөлгөөс үлдсэн дурсгалт эд зүйлийн дуудлага худалдааны хамгийн өндөр үнийг тогтоосон байна. “Хэнри Олдриж энд Сон” дуудлага худалдааны зохион байгуулсан үйл ажиллагаанд алтан цагнаас гадна Титаник хөлгийг живэх үед зорчигчдыг тайвшруулахаар тоглож байсан хийл, тээшний сав, халаасны дэвтэр зэргийг худалджээ. Хийл 1,1 сая фунт стерлингээр зарагдсан бол тээшний сав 360,000 фунт стерлингийн үнэ хүрчээ.
Эх сурвалж: Еdition.cnn.com