Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 тоот тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр (2022.04.19) БОАЖЯ-нд боллоо. 

Хуралдаанаар БОАЖЯ, МҮХАҮТ хамтран боловсруулж буй “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхтэй холбоотой МАЖХ-той байгуулсан санамж бичгийн хүрээнд 2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Түүнчлэн Аялал жуулчлалын эвентийн шалгуур үзүүлэлтийн төслийг танилцууллаа. 

Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө 2022-2024 он” төлөвлөгөөг танилцуулав. Цар тахлаас үүдэн Монгол Улсын жуулчны тоо 94 хувь буурсан байдаг. Үүнээс гадна аялал жуулчлал удаан сэргэх төлөвтэй байгаа, зах зээл хумигдсан зэргийг харгалзан үр дүнтэй стратеги, арга зам хэрэгтэй болсон юм.

Стратеги төлөвлөгөө боловсруулах хүрээнд гурван төрлийн судалгаа хийжээ. Тухайлбал, “Цар тахлын аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн нөлөөлөл” тоон судалгаанд дурдсанаар бол тур оператор компаниудын орлого 80 хувиар буурч, ажлын байр 78 хувиар хумигджээ. Тэгвэл жуулчны баазуудын орлого 84 хувиар багасаж, ажлын байр нь 68 хувиар танагдсан байна.

Тиймээс 2024 он гэхэд жилд ирэх жуулчны тоог 577 мянгад хүргэх, аялал жуулчлалын салбарын орлогыг 700 сая ам.долларт хүргэх, дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөр чадварын үзүүлэлтэд Монгол Улсын эзлэх байрыг гурван байр ахиулж 90 дүгээр байрт эрэмбэлүүлэхийн тулд 9 зорилт 41 арга хэмжээ авахаар төлөвлөгөөний төсөлд тусгасныг танилцуулж байв. 

Мөн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа “Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг”, АЖБЗГ-ын мэргэжилтэн М.Соёлмаа “Аялал жуулчлалын эвентийн шалгуур үзүүлэлт”-ийн төсөл танилцууллаа. Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн зөвлөх Г.Галбадрах “Жишиг отоглох цэг”-ийн талаар танилцуулга хийсэн юм. 

Танилцуулгын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Тунхагийн шинжтэй бичиг баримтыг Монгол Улс сүүлийн 30 жилд хангалттай үйлдвэрлэсэн. Гол нь ажил хэрэг, гарц гаргалгаа хэрэгтэй байгааг төлөвлөгөө боловсруулахдаа анхаарч ажиллаарай. Бид шуурхай, бодит ажил хэрэгч байдлаар хэрэгжүүлж болох төлөвлөлт гаргах нь өнөөдөр чухал байна. Ажлын хэсэг олноор нь байгуулж, хуралдахын оронд ажлаа хийхэд илүүтэй анхаарах хэрэгтэй байгаа гэдгийг хэлье” хэмээн онцолж байлаа.