Цаг үеийн мэдээ

Ердөө хоёр долоо хоногийн өмнө үерт өртөж сүүлийн 75 жилийн түүхэнд ороогүй их хэмжээний бороо орсон Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод дахин үер буужээ. Аянга цахилгаантай ширүүн бороо орж, хуй салхи шуурсан тул эрх баригчид пүрэв баасан гарагуудад сургууль, албан байгууллагуудын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн дэлхийн хоёр дахь том нисэх онгоцны буудал болох Дубайн олон улсын нисэх буудал 10 гаруй нислэгийг цуцлах болон хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Өнгөрсөн сарын дундуур болсон үерийн улмаас Эмиратад дөрвөн хүн, хөрш Оман улсад нь 20 гаруй хүн амь эрсэдсэн юм. Энэ удаад хүний амь нэс эрүүл мэнд хохирсон тохиолдол гараагүй. 

Дубайд 12 цагийн хугацаанд 20 мм хэмжээтэй хур тунадас унасан бол Абу Даби хотод 24 цагийн дотор 34 мм хур тунадас орсон нь өмнөх жилүүдийн дөрөв, тавдугаар саруудад орсон хур тунадасны дундаж хэмжээтэй харьцуулахад 4-5 дахин их байгаа юм. 

Өнгөрсөн удаагийн үерийн үеэр ихэвчлэн хуурай, гантай байдаг цөлийн иргэд бэлтгэлгүй хандаж их хэмжээний гарз хохирол амсахад хүрсэн бол энэ удаад Дубайн иргэд, албаны хүмүүс харьцангуй бэлтгэл сайтай ханджээ. Тухайлбал Дубайн ажилтнууд бороо орохоос урьтаж ус зайлуулах хоолойнуудыг нээх, үерийн усыг тэр даруй соруулах, хотын иргэд оршин суугчдад гар утсаар нь дамжуулан цаг агаар муудах тухай урьдчилан сэрэмжлүүлэх мэдээг илгээж, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Иргэдийг уулархаг болон цөлөрхөг, далайн эргийн бүсэд аялахгүй, амарч зугаалахгүй байхыг сануулсан байна. 

Таны сурталчилгаа