Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетийг төсвийн мөнгийг хувийн хэрэгцээндээ үрэлгэн зарлагадаж байгаа талаар телевизээр мэдээлжээ. Үүний дараа олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл ирэх болсон юм.
Ерөнхий сайд татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 26,400 ам.доллар хувийн хэрэгцээндээ зарцуулдгаас 7,400 ам.долларыг хоол хүнсний хэрэглээндээ зориулдаг байна. Хэдийгээр өөрийн хүчээр саятан болсон ч татвар төлөгчдийн мөнгийг зарлагадсан шүүмжлэлд өртөөд байгаа тул Беннет гэр бүлийнхээ хоол хүнстэй холбоотой зардлыг өөрийн халааснаас буюу хувиараа төлж байхаар болсон гэдгээ мэдэгджээ.
Үнэн хэрэгтээ өмнөх Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху албан харш, хувийн сууцдаа сар бүр 84,300 ам.доллар зарлагаддаг байжээ. Энэ нь одоогийн Ерөнхий сайдынхаас гурав дахин их юм. Нэтаньяху тансаг зоогийн газарт хооллохдоо, үсээ засуулахдаа ч улсын мөнгөнөөс үрдэг байжээ. Зөвхөн хоол хүнсэнд л гэхэд тэр сар бүр 11,000 ам.доллар зарлагаддаг байж.
Беннет өөрийн Facebook хуудсаар дамжуулан өмнөх Засгийн газрын тэргүүнүүдтэй харьцуулахад хамаагүй бага зардал гаргаж байгаа гэж өөрийгөө өмгөөлсөн байна. Тухайлбал түүний гэр бүлийн зургаан гишүүн өмнөх Ерөнхий сайд нарынхтай адил тогооч ажилд авахын оронд зоогийн газруудаас хоолоо захиалж иддэг байна.
Тэрээр улс төрд орохын тулд өөрийн эзэмшдэг байсан хоёр технологийн компаниа 250 сая ам.доллараар зарсан юм. Израильд жирийн иргэдийн дундаж цалин сарын 3,400 ам.доллар байдаг бол Ерөнхий сайд 16,500 ам.долларын цалинтай. Беннет “би Ерөнхий сайдын ажлыг мөнгө эсвэл хүндлэлийн төлөө хийгээгүй. Би Израилийн ард түмний төлөө бүх хүч чадлаа дайчлан үйлчлэхээр энэ ажлыг хийж байна” гэжээ.
Эх сурвалж: ВВС