Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Отгочулуу: "УИХ ажлаа хий. Монгол Улсын түүхэнд хагас жилийн дотор гурван удаа төсвөө хэлэлцүүлж байсан ийм сул Засгийн газар байгаагүй. 

Төсвийн тодотголын шүүмж

Агуулга, хэлбэр нь зөрсөн төсөв

Ковид, дайнаас шалтгаалж байгаа төсөв гэж амаараа их ярьж байна. Яг уншаад үзэхээр агуулга хэлбэр нь алд, дэлэм төрсөн төсөв болжээ.  Шалтаг, шалтгаан хоёроо ялгахгүй байна. Боомт дээр халдвар хамгааллын дэглэм сайжруулах нь чухал. Олигтой санхүүжилт алга байна. Татвар төлөгчид туйлдаж байна. Хөдөлмөр оролцооны аргаар тооцоод үзэхэд эмэгтэйчүүдийн тал нь ажилгүй байна. Ийм үед тэдний үүрч буй татварын дарамтыг бууруулахын оронд татварын орлогыг 30 хувиар өсгөсөн хэвээр байгаа нь буруу юм. 

Онош буруу төсөв

 Эдийн засгийн эрүүл мэндээ огт хайхраагүй байна. Албан ёсны тоо мэдээ ч бодит байдлаас зөрж байна. Талхны үнэ 70 хувиар өсчхөөд байхад инфляц 14 байна гээд тайвшруулах пиар хийж байна. Ард иргэд нийтээрээ жилийн дотор албан ёсоор 14 хувиар ядуурсан байхад л инфляцыг хөөргөдсөн бодлого үргэлжилсээр байна. Албан ёсны ажилгүйдэл 8 хувьтай байна гэж байна. Бодит байдал дээр 30 хувь байх өндөр магадлалтай. Ийм үед ядуурал буурч байна гэж сагсуурч байгаа нь зүйд нийцэхгүй.

Өр нэмсэн төсөв

Төсвийг зориудаар алдагдалтай баталж буй бөгөөд үүнийгээ гадаад өр зээл ба дотоод бондоор нөхнө гэжээ. Ирээдүй хойч үедээ илүү их өр үлдээж буй нь хоноцын сэтгэлээр ханддаг увайгүй үйлдэл үргэлжилж байгаагийн илрэл боллоо.

Ардаа алагчилсан төсөв

Хэнтий аймагт өндөр төсөв тавигдлаа. Бусад аймгуудад З тэрбумын төсөвтэй яг ижил барилга дээр 300 саяыг өгч байхад Хэнтийд дунджаар 2 тэрбумыг хуваарилна. Жилд 1-2 удаа л ашиглах орд харш бас далд уурхайн музей барьж байна. Цар тахалтай байгаа энэ үед боловсрол, эрүүл мэндээрээ хохирч байгаа хүүхдүүдэд түрүүлж хөрөнгө оруулах хэрэгтэй. Төсвийг иргэдээ алагчилсан байдлаар хуваарилж болохгүй. Мөн цахим хөгжлийн яам, дижитал нэшн, хур систем зэрэг олон төслүүдэд олон зуун тэрбум төгрөг төсөвлөсөн хэр нь Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв гэгчийг зөвхөн Хэнтий аймгийн сумдад барихаар оруулж ирж байгаа нь туйлын хачирхалтай.

УИХ ажлаа хий

 Монгол Улсын түүхэнд хагас жилийн дотор гурван удаа төсвөө хэлэлцүүлж байсан ийм сул Засгийн газар байгаагүй. Ковидын хууль, үнэ тогтворжуулах хуулийг батлуулах замаар Засгийн газар өөртөө асар их эрх мэдэл хураасан. Үүндээ эрдээд гадаад өрийг их хэмжээгээр нэмнэ гэсэн тодотгол оруулж байна. Иргэд сонгогчид зөв бодлого явуулаач гэж МАН-ыг сонгосон. Иргэд, татвар төлөгчид бол ажил олгогч. Засгийн газар бол ажилтан юм. Энэ ажилтан гэтэл ажил олгогчоо нэмж өрөнд оруулна гэнэ. Ичиж байгаа юм ч алга. Энэ бол дарангуйллын эхлэл шүү. Засгийн газарт хяналт тавих үүрэгтэй, бодлогоор хангах учиртай УИХ үндсэн ажлаа хийж чадахгүй байна. 

 Хэт хатуу хөл хорионы улмаас ажил, орлого, бизнесээрээ хамгийн их хохирсон хүмүүс бол Монгол эмэгтэйчүүд. Олон улсын байгууллагуудын судалгаа ч үүнийг нотолж байгаа. Иймд тойргийн усалгаа болсон төсвүүдээ илүү сайн зогсоо. Хэмнэсэн мөнгөөрөө эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжсэн сангуудыг олноор байгуул.

 Бэлчээрийн доройтол үргэлжилж, өвс ургамлын гарц муу байна гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Энэ чиглэлийн менежментэд анхаар.

 Хөрөнгө оруулалтыг тат. Эдийн засгийг нүүрсээр галладаг уурын зуухтай харьцуулж үзье. Энэ эдийн засаг чинь гаргах ёстой уур, дулаан, тогоо гаргаж чадахгүй байна. Тамир тэнхээ нь сул байна. Нэмж нүүрс түлэх хэрэгтэй байна. Ингэж байж гал алдахгүй, ингэж байж ядуурлын гүн ангал руу нийгмээрээ хурдтай өнхөрч буй энэ уналтыг зогсоож чадна. Өөрөөр хэлбэл нүүрс нэмж төлөх хэрэгтэй байна. Ийм бодлого хэрэгтэй байгааг УИХ-ын зүгээс ЗГ-т ойлгуулах хэрэгтэй байна" гэлээ. 

Таны сурталчилгаа