Монгол Улсын Засгийн газрын санаачлагаар “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоо"-нд Булган аймгийн хэмжээнд нийт 59553 иргэнийг хамруулахаар төлөвлөөд байна. Насанд хүрсэн буюу 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш 4 насны багцад /54397 иргэн/, 0-5, 6-17 насны 2 багцад /5156 хүүхэд/-ийг хамруулна. Одоогоор /18-аас дээш нас/ насанд хүрсэн 118 иргэд, /0-17нас/ 720 хүүхэд үзлэг, шинжилгээ оношилгоонд хамрагдаад байна. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээний үйл ажиллагааны зохион байгуулалтын хувьд насанд хүрсэн иргэдийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад, 0-17 насны хүүхдийн үзлэгийг 16 сум, 2 Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үзлэг оношилгоонд хамруулж байна.
“Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ны үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийг түшиглэн зохион байгуулан үйл ажиллагааг иргэдэд тасралтгүй хүргэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн засварын ажил удахгүй дуусаж хүн амын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, оношилгоо, шинжилгээг иж бүрэн үзүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгож, иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилэхээр ажиллаж байна.