Цаг үеийн мэдээ

Манай улсад 15 улсын 25 үйлдвэрлэгчийн олон улсын нэрээр 14, худалдааны нэрээр 50 уналт таталын эсрэг эмийг 18 ханган нийлүүлэх байгууллага, төлөөлөгчийн газар бүртгүүлсэн байна.

Үүнд БНСУ, БНЭУ, Индонез, Япон, Монгол зэрэг Азийн 5 улсын 11 үйлдвэрлэгчийн 20 (40%), Польш, Румын, Словени, Унгар, Франц, Кипр, Грек, ХБНГУ, ИБУИНВУ гэх мэт Европын орнуудын 25 (50%), ОХУ-ын 5 (10%) эм байна. 

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 сарын 25 өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан Зайлшгүй шаардлагатай эмийн IX жагсаалтад 10 (71%) нэрийн эм орсон байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 13-р тогтоол, ЭМД сангаар хөнгөлөлтэй олгох жагсаалтад 9 (64%) нэрийн эм орсон байна.

БНСУ-Д ҮЙЛДВЭРЛЭСЭН ДЕПАКИН ХРОНО ЭМИЙН ТУХАЙД

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэдгээрийн асран хамгаалагчдын “Ээлтэй ертөнц” ТББ-аас нийт 11 нэрийн эмийн хангамжийг сайжруулах хүсэлт ирүүлсний 8 нэрийн эм нь бүртгэлтэй ба 2 нэр төрлийн эм бүртгэлгүй, 1 нэрийн эм буюу Фенитоин тарилгын эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр бүртгүүлсэн байна.

БНСУ-д үйлдвэрлэсэн Депакин хроно эм, мөн сүүлийн үед хэрэглэгдэж буй шинэ хэлбэр бүхий уртасгасан үйлчилгээтэй эмүүдийг хэрэглэх шаардлагатай байгаа тухай “Уналт таталтын эсрэг эм хэрэглэдэг насанд хүрэгчид болон хүүхдүүдийн төлөөлөл” төрийн бус байгууллагын зүгээс хүсэлт тавьсан.

ЭЭХХЗГ-аас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр уналт таталтын эмийг ханган нийлүүлдэг байгууллагуудтай уулзалт хийж, шаардлагатай эмүүдийг яаралтай бүртгүүлэх, импортлох чиглэл өгсөн. 

УНАЛТ ТАТАЛТЫН ЭСРЭГ ЭМИЙГ ЯАРАЛТАЙ ТАТАН АВАХ АСУУДЛААР...

Ханган нийлүүлэх байгууллагууд ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулахад:

Азифарм ХХК нь уналт таталтын эсрэг хэрэглэдэг эмийг  Тева эмийн үйлдвэрээс оруулж ирэхээр ажиллаж байна.

Медиал Ди энд Пи Төлөөлөгчийн газар нь Ньюремеди ХХК-аар дамжуулж БНГУ-аас уналт таталтын эсрэг сүүлийн үеийн Орфинил, Тимонил зэрэг эмүүдийг импортлох нэг удаагийн зөвшөөрлийг Хүний эмийн зөвлөлд хүсэхээр материалаа бэлдсэн байна.

Түмэн саруул ХХК БНСУ-аас Депакин хроно эмийг нийлүүлэхээр судалж байна. 

Мөн ХНБ-уудтай хамтран ЭЭХХЗГ уналт таталтын эсрэг эмийн хангамж, зохицуулалтын асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. ЭМЯ, НХХЯ, ЭЭХХЗГ, ЭМДЕГ хамтран 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Уналт таталтын эсрэг эм хэрэглэдэг эцэг, эхчүүдийн төлөөлөл, ТББ-уудтай уулзалт хийж цаашид Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан тулгамдсан асуудлуудыг шат дараалан шийдвэрлэхээр боллоо.

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Таны сурталчилгаа