УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бейсен, С.Одонтуяа нар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:" Өнөөдөр УИХ-ын гишүүн миний бие, Б.Бейсен, С.Ганбаатар нарын гишүүд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна.
2021 оны 11 сарын 12-ны өдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Монгол улсад Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулах шаардлагатай байна хэмээн байгуулах шийдвэр гарсан. Энэ яамдуудын төсөв батлагдсан. 50 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл хагас жил гаруй болж байхад энэ 2 яам сайдгүй байна. Яагаад сайдгүй байгаа вэ гэдэг шалтгааныг мэдэхгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байгаа, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ороод МАН давхар дээлтэй сайдуудынхаа тоог нэмээд энэ сайд нараа тавих гээд байгаа юм уу, эсвэл үнэхээр энэ нам төрд энэ сайдыг хийчих чадалтай, чадвартай хүмүүс байхгүй байгаа юм уу бид нар гайхаж байна.
Өнөөдөр олон улсын байдал маш түгшүүртэй байна. Монголын эдийн засаг агшсан инфляц өссөн хүнд нөхцөлд байгаа. Өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа бүхий л ажлууд мөнгийг яаж зарах вэ л гэж яриад байдаг. Гэтэл өнөөдөр бидэнд гадаадын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжил, улс орнуудын эдийн засгийн интеграцчлал энэ бүх зүйлүүд туйлын чухал нэгдүгээрт тавигдаж байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг гээд ярихад энэ яам нь сайдгүй байж байна. Сая чуулганы танхимд 2022 оны Монгол улсын хөгжил төлөвлөлтийн бодлого төлөвлөгөө ярихад сайдгүй л байж байна. Хариулж байгаа хүмүүс нь хангалтгүй хариулж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсан. 5 сарын 1-нээс маш чухал хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Цахим гарын үсгийн тухай хууль, кибер аюулгүй байдлын хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах, нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хууль гээд. Энэ хуулиуд хэрэгжиж эхэлж байхад 30 гаруй журам нь одоо хүртэл гараагүй байгаа. Энэ улсын ажлыг ингэж гацааж болохгүй. Эдийн засгийн хүнд, чухал үед энэ 2 яам чухал уу гэвэл хамгийн чухал. Тийм учраас энэ яамдын сайдуудаа томилооч ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна" гэлээ.