Энэтхэгийн Уттараханд мужид ач төрүүлж өгсөнгүй гэж хүүгээ шүүхэд өгөн зарга үүсгэж, 650,000 ам.доллар нэхэмжилсэн явдал болжээ.
61 настай Санжев, 57 настай Садана нар өөрийн ганц хүүг өсгөхийн тулд хадгаламжаа зарцуулж, нисгэгчийн сургуулийнх нь төлбөрийг төлж, тансаг хурим хийж өгсөн байна. Хүү нь эхнэртэйгээ гэрлээд зургаан жил болсон ч ээж аав хоёртоо ач төрүүлж өгөөгүй аж. Тиймээс ачтай болохын тулд аргаа барсан Санжев, Садана нар жилийн дотор хүүгээ ач төрүүлж өгөхгүй бол түүнийг өсгөхөд зарцуулсан 650,000 ам.доллараа сэтгэл санааны нөхөн төлбөрт нэхэмжлэхээр шүүхэд хандсан байна.
Санжев хүүгээ 2006 онд нисгэгчийн сургуульд сургахаар АНУ явуулахад 65,000 ам.долларын зардал гаргажээ. Мөн Энэтхэгт буцаж ирээд ажилгүй байх хоёр жилд нь санхүүгийн тусламж үзүүлсэн байна. 35 настай Шрей Сагар хүү нь нисгэгчийн ажилд орж 31 настай Шубхани Синатай 2016 онд гэр бүл болжээ.
Түүний эцэг эх тэтгэвэрт гарсныхаа дараа тоглож наадах ач хүүхдүүдтэй болно гэж баярлан таван одтой зочид буудалд хурим хийлгэж, 80,000 ам.долларын тансаг зэрэглэлийн машин бэлэглэн гадаадад бал сараа өнгөрөөхөд нь ч тусалжээ. Ямар ч эцэг эх эмээ өвөө болохыг туйлын ихээр хүсдэг ба хүү нь одоо хүртэл хүүхэдтэй болохоор төлөвлөхгүй байгаа нь сэтгэл санааны зовлонд унагасан гэж хуульч нь мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС