Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Засгийн газар Ковид-19 цар тахалд нэрвэгдээд буй Умард Солонгос улсад коронавирусийн вакцин болон эрүүл мэндийн бусад хангамжаар туслахаар төлөвлөж байна гэж Ерөнхийлөгч Юн Сук Ёлын ажлын албанаас мэдэгджээ.

Умард Солонгос улсад коронавирусийн халдвараар зургаан хүн нас барж, 350,000 орчим хүнд халуурах шинж тэмдэг илрээд байна.

Өмнө нь өмнөдийнхөн Умардад халдвараас урьдчилан сэргийлэх вакцин, шаардлагатай зүйлсээр туслах хүсэлт тавьсан ч Умард Солонгос хүлээж авахаас татгалзсан. Энэ удаад Пхеньян Сөүлийн тусламжийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй ч Умард Солонгосын ард түмэнд дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхийлөгчийн ажлын алба амлалт өглөө.

Цар тахал дэлхий дахинд гарч хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Умард Солонгост халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байсан юм. Энэ долоо хоногт тус улсын төрийн мэдлийн сувгаар цар тахлын тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээлж, халдварын шинж тэмдэг илэрсэн 200,000 орчим хүнийг тусгаарлан эмчилж байна гэжээ. Удирдагч Ким Жон Ун халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх газарт зочилж, хариуцлага алдсан удирдлагуудыг зэмлэсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ким Жон Ун бүх муж, хот, тосгонуудад хатуу хөл хорьж тахал илүү өргөн хүрээнд тархахаас сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Цар тахал дэлхий дахинд гарснаас хойш анх удаа олон нийтийн өмнө амны хаалт зүүсэн удирдагч Ким эрүүл мэндийн салбарынхныг өвчтөнүүдийг ойроос ажиглаж, халдвар тархахаас хэрхэн сэргийлэх оновчтой арга зам олж, үр дүнтэй бодлого боловсруулахыг даалгажээ.

Эх сурвалж: Korea Herald

 

Таны сурталчилгаа