Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат “Эко Дамбадаржаа” хорооллын ариутгах татуургын Сэлбэ гол цуглуулагч шугамын өнөөгийн байдал, байнгын ашиглалтад оруулах тухай танилцуулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах тус хорооллын шугам сүлжээ, барилга угсралтын ажлыг 2013-2018 онд хийсэн. Тухайн үед “Тэш өргөө” ХХК зураг төслийг боловсруулж, төсөл хэрэгжүүлэгчээр “Цэлмэг Ази” ХХК ажиллан, Сэлбэ бохир ус цуглуулагчийг угсрах ажлыг гүйцэтгэжээ. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2015 оны арванхоёрдугаар сард үр дүнг хүлээн авч, дүгнэлт баталгаажсан боловч цуглуулагч шугам нь хөрсний усны түвшин өндөр, голын сав дагуу барьсан учраас намар, хаврын улирлын газар хөлдөлт, гэсэлтийн үед худагт гажилт үүссэн байна. Тэрхүү хэв гажилтаар хөрсний болон голын ус нэвчиж байсан тул өнөөдрийг хүртэл ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ хүлээж аваагүй байгаа юм.

Өнөөгийн байдлаар бохирын шугамын нийт 80 худаг байгаагийн 60 нь зайлшгүй засварлах шаардлагатай байгаа тул гүйцэтгэгч компанид инженерийн шугам сүлжээний шаардлага хангахгүй худгийг засварлаж, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх албан бичгийг удаа дараа хүргүүлж, арга хэмжээ авч иржээ. Түүнчлэн 2021 оны аравдугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох байгууллагууд болон төслийн туслан гүйцэтгэгч компаниуд цуглуулагч шугамын өнөөгийн байдалтай танилцаж, эхний ээлжид таггүй худгуудыг таглах ажлыг гүйцэтгэсэн байна.

Өдгөө шугамыг ашиглалтад оруулж, бохир усыг татан зайлуулах шаардлага тулгарсан найман аж ахуйн нэгж, орон сууцны хоёр барилга байгаа аж. Иймд хөрсний устай худгуудын засвар үйлчилгээг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүлж, ашиглалтад оруулах саналыг зөвлөлийн хуралд оруулав.

Уг асуудлаар зөвлөлийн гишүүд санал хэллээ. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Зураг төсөл боловсруулсан “Тэш өргөө” ХХК-тай хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийслэлээс энэ ажилд зарцуулсан хөрөнгө мөнгөө нэхэмжилье гэсэн ч тухайн үед ажлыг хүлээн авсан комиссын акт саад болж байна. Тиймээс энэ асуудлыг илүү өндөр түвшинд авч хэлэлцэх хэрэгтэй” хэмээв.

Мөн Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Улаанбаатар хотод дэд бүтэц маш чухал. Сэлбэ гол цуглуулагч шугамын энэ асуудлын улмаас бүтээн байгуулалтын олон ажил саатаж байна. Тиймээс бид зориг гарган үүнийг шийдэх хэрэгтэй. Өөр хувилбараар шийдье гэвэл төсөв хөрөнгө хүрэхгүй учраас үлдэгдэл төсвийг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэн үргэлжлүүлэх нь зөв” гэлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга уг шугамын хэвийн ажиллагааг хангахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т үүрэг болгов.

Таны сурталчилгаа