Цаг үеийн мэдээ

БШУЯ, БЕГ, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран тусгай хэрэгцээтэй иргэнд боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, шийдэл арга замыг тодорхойлон, сайн туршлага аргачлалыг нэвтрүүлэх зорилгоор “СУРАХ ЭРХ” үндэсний хэлэлцүүлэг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсролын Ерөнхий газрын дарга, ЖАЙКА олон улсын байгууллага,  цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн багш, удирдлага, эцэг эх, оюутан, сурагч, төрийн бус байгууллагын  төлөөлөл 250 хүн танхимаар зөвлөлдөж, цахим хэлбэрээр 8300 гаруй оролцогч оролцлоо.  

Зөвлөгөөнөөс гарсан санал:

Эрх зүйн бичиг баримтуудад шаардлагатай орхигдсон заалтуудыг оруулах, хэрэгжилтэд анхаарах, сайжруулах 

Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн хөгжил, төлөвшлийн онцлог ялгаатай байдлыг эрт илрүүлэх, хөгжүүлэх талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх 

Тусгай хэрэгцээтэй суралцагчдад зориулсан сургалтын орчныг сайжруулах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх 

Мэргэжилтэн, хүний нөөц болон багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих  

Хүүхдийн сурах эрхийг хангахын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын  хамтын ажиллагааг  уялдаа холбоог сайжруулах

Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад ялгаатай хэрэгцээтэй суралцагчидтай ажиллах тусгайлсан арга зүй, чадварыг эзэмшүүлэх, зохицуулалт хийх

Хөгжлийн бэрхшээлтэй болон сурах үйлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах  талаар ганцаарчилсан дэмжлэг үзүүлэх талаар сургалтын хөтөлбөрт тусган, хэрэгжүүлэх 

Тусгай хэрэгцээт суралцагчийг боловсролд тэгш хамруулахад баримтлах чиглэл, тэргүүлэх зорилтуудын саналын талаар БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн танилцууллаа.