Энэтхэгийн Ассам мужийн Чапатоли тосгоны цайны навч тариалдаг талбайн ажилчдад өнгөрсөн хоёр сард учир битүүлгээр бөөлжих, гүйлгэх зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч, цөөнгүй хүн нас баржээ.
Чапатоли тосгоны цайны навчны талбайд ажилладаг Анжали Хариа зургаан настай охин Сушмитайгаа дөрөвдүгээр сарын 8-ны өдөр оройн хоолоо идээд унтжээ. Шөнийн 03 цагийн үед охин нь бөөлжиж, чичирж эхэлсэн байна. Энэ байдал шөнөжин үргэлжилсэн бөгөөд удалгүй хадам аав, хүүд нь ижил шинж тэмдэг илэрчээ. Энэ байдал хөршүүдэд нь ч илэрсэн гэдгийг мэджээ. Гэсэн ч чухам яагаад олноороо өвдсөнийг хэн ч хэлж мэдсэнгүй.
Эмнэлэг явах мөнгөгүй тул ойролцоох эмийн сангаас эм авч өгөхөөс өөр арга хэмжээ авч чадалгүй байсаар бяцхан охин амьсгал хураажээ. Гэтэл Хариагийн хадам аав ойгоос зэрлэг мөөг авчирж хоол хийж, үлдсэнийг нь хөршүүддээ тараасныг мэджээ. Арав гаруй хүн уг мөөгөнд хордож, дахин хоёр хүн нас барсан байна.
Удалгүй Ассам мужид мөөгөнд хордож олон арван хүн өвдсөн тухай мэдээлэх болов. Нутгийн оршин суугчид мөөг түүж хүнсэндээ хэрэглэх нь нийтлэг байдаг аж. Цэнхэр, ногоон өнгийн толботой мөөгийг хортой гэж мэдэлгүй ихэвчлэн тариалангийн талбайд ажилладаг ядуус хүнсэндээ хэрэглэж өвдсөн байна. Албан ёсны тоон мэдээлэл байхгүй ч дөрөвдүгээр сард л гэхэд 16 хүн уг мөөгийг идсэнээс нас барсан гэж Ассам мужийн анагаах ухааны коллежийн эрхлэгч Прашант Дихингиа мэдэгджээ.
Энэ төрлийн хортой мөөг нь тун ховор боловч амттай байдаг тул ядуус хоол хүнсэндээ хэрэглэх тохиолдол цөөнгүй гардаг ажээ.
Эх сурвалж: ВВС