Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан. 2022.04.09-ний өдрөөс 05.05-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 5 сарын 5-ны өдрийн 13:39 цагт тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон.

5 саын 18-ны өдөр “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 7 км-т “Майхан толгой” гэдэг газар “Сэлэнгэ” мөрний усан дотор “Портер” загварын ачааны автомашиныг илрүүлсэн тухай Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 13:45 цагт, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 21:55 цагт тухайн газарт тус тус очиж, тандалтын ажиллагаа явуулж, голын эргээс 25-30 метрт, 3.5 орчим метрийн гүнд байгаа автомашины байршлыг тогтоосон. 5 сарын 19-ний өдрийн байдлаар 16 удаагийн шумбалт хийж, тухайн автомашиныг троссоор холбож “Зил-131” загварын автомашинаар татан гаргах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон.  (Автомашиныг татан гаргахад голын урсгал ширүүн, усчин-аврагч нар шумбалт хийхэд хүндрэлтэй байна) 5 сарын 20-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлсэн.