Цаг үеийн мэдээ

Салхин цэцэг өвчний вирусийн нэг төрөл болох сармагчны цэцэг өвчин ойрын хугацаанд Америк, Европын улс орнуудад бүртгэгдээд байна. АНУ-ын Массачусетс мужид Канадад очоод ирсэн иргэн сармагчны цэцэг өвчнөөр өвдөж эмнэлэгт хэвтсэнийг лхагва гарагт бүртгэжээ. АНУ-д өнгөрсөн жил Нигериэс ирсэн хоёр хүнээс уг өвчний халдвар илэрч байжээ.

Сармагчны цэцэг өвчин нь ихэвчлэн Баруун болон Төв Африкт бүртгэгддэг боловч Их Британи, Европын орнуудад халдварын тохиолдлууд бүртгэгдсээр байна. Энэ долоо хоногт Испанийн нийслэл Мадрид хотод 7, Итали улсад анхны, Канад улсад 17 сэжигтэй тохиолдол илэрчээ. Албаныхан эдгээр иргэд хэрхэн халдварласныг тандан судалж байгаа аж. Их Британид халдвар авсан иргэд гадны улсад зорчоогүй, халдвар авсан байж болзошгүй хүмүүстэй ойрын харилцаанд ороогүй гэж мэдээлсэн байна. 

Сармагчны цэцэг өвчин халдвар авсан биетээр дамжуулан бусад хүнд халдварладаг ба шархалсан арьс, салст бүрхэвч, амьсгалын замын дусал, халдвар авсан хүний шингэн дуссан ор хөнжлийн даавуугаар ч халдварлах боломжтой ажээ. Халдварын нууц үе 7-14 хоног үргэлжлэх ба эхний удаад халуурах, бие арзайх, толгой өвдөх, булчин сулрах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрдэг байна. Үүний дараа улаан хүрээтэй, усархаг тууралт ам, гарын алга, хөлийн улан дээр туурдаг. Өвчтөн эдгэрэхэд тууралт гуужин унаж 2-3 долоо хоногийн дараа арьс, салст бүрхэвч хэвийн болдог ажээ.

Одоогоор яг энэ өвчинд зориулсан эм байхгүй ч халдвараас сэргийлсэн вакцин тариулах боломжтой гэж Лондоны сургуулийн олон улсын эрүүл мэндийн профессор Жимми Витворт мэдэгдсэн байна. Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 1 хувь нь нас барах эрсдэлтэй бөгөөд буурай орнуудад ихэвчлэн тохиолддог. 

Сармагчны цэцэг өвчин гэдэг өвчний нэрийг 1958 онд эрдэмтэд өгсөн байна. Судалгааны зориулалтаар лабораторид байлгаж байсан сармагчны сууринд цэцэг өвчинтэй адил халдвар хоёр ч удаа тархсаны дараа уг өвчнийг нээжээ. Гэсэн ч халдварын зөөвөрлөгч одоо хүртэл тодорхойгүй байдаг. Африкийн мэрэгч амьтад халдвар тархаахад гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж үздэг. Энэ өвчин хүнд халдварласан анхны тохиолдол 1970 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад бүртгэгдсэн байна. Үүнээс хойш 40 орчим жилийн турш хүнд халдварласан тохиолдол илрээгүй бөгөөд 2017 онд Нигери улсад халдвар дахин гарч 450 хүн өвчилж, найман улсад халдвар бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: CNN 

Таны сурталчилгаа