Цаг үеийн мэдээ

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлого чиглэлийн хүрээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс 8 байршилд “ХУДАЛДААНЫ ГУДАМЖ” гарган, ямар нэгэн татвар түрээсгүйгээр худалдаа эрхлэх нөхцөл боломжийг иргэдэд олгох, ажиллах орчинг бий болгох шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан юм.   

Энэ хүрээнд өнөөдөр /2022.05.20/ Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайн Худалдааны гудамжийг албан ёсоор нээж байна. Зөвхөн энэ гудамжинд л гэхэд 140 гаруй түр ажлын байрыг бий болгож байгаа юм. Иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид энд амьд мал, махан бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн  хүнс, бараа, түргэн хоолны чиглэлээр худалдаа эрхлэх боломжтой. 

Мөн 16 Давхараас Консулын уулзвар, Наадмын талбай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Дархан-50” цогцолбор, “Морин хуур”, Эрдэнэтийн гүүр, Хараагийн гүүр гэсэн нийтийн эзэмшлийн зам, талбайд шууд худалдаа эхэлж байна. 

Худалдааны гудамжууд нээгдсэнээр орон нутагт нийт 640 гаруй  иргэн, ААНБ-ыг зун, намрын улиралд түр ажлын байраар хангах нөхцөл боломж нээгдэж байгаа юм. 

Улсдаа анх удаа түрээсгүй худалдааны гудамжийг бий болгон иргэд, ААНБ-ддаа бодит дэмжлэг үзүүлж буйд ДАРХАНЧУУД талархалтай байна.