Цаг үеийн мэдээ

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабаттай уулзаж ярилцлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын ажлын уялдаа холбоог улам сайжруулах, ХНХҮТ-ийн дэмжлэгтэйгээр БНСУ-ын ХАБЭАХЭГ-тай хамтран хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт хийх, алба хаагчдыг чадавхжуулах, Солонгосын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд шинээр нэвтрүүлж буй стандарт, горимуудтай танилцах, туршлага судлах зэрэг олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах “БНСУ дахь ХНХҮТ нь Солонгосын ХАБЭАХЭГ-тай Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж, мэргэжилтнүүддээ салбар салбараар төрөлжсөн сургалт авч, гэрээт ажилчдад зориулсан сэтгүүл, тараах материал зэргийн агуулгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх зөвлөгөө мэдээллийг тогтмол нийтэлж, Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч монгол иргэдэд заавар, зөвлөгөө өгч, шинээр ирэх гэж буй гэрээт иргэдэд ирэхийн өмнөх сургалтаар үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар цахим сургалтыг хийх зэргээр ажиллаж байна. БНСУ дахь ХНХҮТ нь үйлдвэрийн болон гэнэтийн осолд өртсөн иргэдийн ослын дараах эмчилгээ сувилгааны зардал, эмчлүүлж байх үеийн цалин хөлс, даатгалын нөхөр олговрыг хөөцөлдөн олгуулах зэргээр ажиллаж өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3481 иргэнд 106 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгуулаад байна” гэлээ.