Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны таван байршилд үүссэн хур хогийн цэгийн цэвэрлэгээ бүрэн дууслаа. Тодруулбал,  Хүй 7 худгийн морь барианы ард, Баян-Өндрийн чанх урд, Баян-Өндөрийн зүүн тал, Давааны зөрлөгийн төмөр зам дагуу, Засмал төв замаас салаад хайрганы карьерын ухсан нүхний ойролцоо таван байршилд 8 га газрын 20 мянган мкв талбайгаас 9000 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө.  

Энэхүү ажлыг ЗДТГ-аас  хог цэвэрлэгээний “Улаанбаатар шинэчлэл” ХХХ-тай хамтран зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд ажлын хэсэг тавдугаар сарын 7-нд 21-р хороонд ажилласан бөгөөд хэд хэдэн үүргүүдийг ажил хэрэг болгохоор өгсөн.

Өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хур хогийн цэгийг бүрэн цэвэрлэж, дууссан бөгөөд төлөвлөсөн бусад ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна. Үүний нэг жишээ нь хур хог үүсдэг байсан талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар Шведийн олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн 8 га газрын 20 мянган мкв талбайг ойжуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр болжээ.