Цаг үеийн мэдээ

Уралын Холбооны Их Сургуулийн (Уральский федеральный университет буюу УрФУ) төлөөлөгчид Монголд айлчилсан ба мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан зэсийн хүдрийг уусган баяжуулах технологийг болон үйлдвэрийн сургалтын удирдлагын тогтолцоогоо "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т санал болгов. 

"Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн бүтцэд гарсан өөрчлөлтүүдийг харгалзан манай Их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан зэсийн хүдрийг уусган баяжуулах технологи сонирхолтой байж магадгүй" гэж УрФУ-ийн өнгөт металлургийн тэнхимийн эрхлэгч Сергей Мамяченков хэллээ. Энэ долоо хоногт УрФУ-ийн Шинэ материал, технологийн хүрээлэнгийн хэд хэдэн саналыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагуудтай, тэр дундаа үйлдвэрлэлийн хэлтсийн дарга болон боловсруулах үйлдвэрийн дарга нартай нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн тус сургуулийнхан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т үйлдвэрийн сургалтын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба УрФУ нь Орос хэл, соёлыг Монголд сурталчлах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэгдсэн төслүүд дээр хамтран ажиллахаар тооцоолж байна.

"ШУТИС-ийн орон нутгийн салбарын оюутнууд болон тус үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчид зайны сургалтын арга барилуудад дасан мэргэшсэн учир бид Монгол түншүүддээ боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлүүд дэх ололт амжилтуудаа санал болгож байна. Тэдгээр нь эрэлт хэрэгцээтэй байх болно гэдэгт би итгэлтэй байна. Үүний хажуугаар бид олон жилийн турш амжилттай хамтран ажилласаар ирсэн гэдгийг бас анхаарч үзэх нь зүйтэй юм" гэж УрФУ-ийн нэгдүгээр проректор Сергей Кортов ярьж байна.

УрФу нь Уралын Холбооны дүүргийн хамгийн том их сургууль бөгөөд энд 36,000 оюутан залуус, түүний дотор 4,400 гаруй гадаадын оюутнууд суралцдаг ба гадаадын тэргүүлэх эрдэмтдийн удирдлаган дор 10 гаруй лаборатори ажилладаг. Түүнчлэн тус их сургууль нь "Priority 2030" хөтөлбөрийн гишүүн юм.